Монгол Улсад коронавирусийн 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Монгол Улсад коронавирусийн 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ коронавирусийн халдвар, хамгааллын талаарх дэлхийн болон Монголын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. (2020.02.12)

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирусийн халдвар өдөр бүр нэмэгдэж байна. Шинэ  коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй ч 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэлээс гадна Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сүхбаатар, Баян-Өлгий зэрэг аймгуудад сэжигтэй тохиолдлууд илэрч байна. Сүүлийн жишээ гэвэл 2020 оны хоёрдугаар сарын 11-нд БНХАУ-ын Сычуань мужид туршлага судлахаар явсан 17 иргэний нэгнийх нь бие халуурсан шинж тэмдэг илэрсэн. Тиймээс дээрх 17 иргэн болон Хөх хот - Улаанбаатар чиглэлийн галт тэргээр хамт зорчсон 109 иргэнийг Замын-Үүдэд тусгаарлаад байна” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 10-нд Хөвсгөл аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020 оны хоёрдугаар сарын 10-нд Гашуун сухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэхдээ эдгээр иргэдийг 14 хоног тусгаарлана. 2020 оны хоёрдугаар сарын 11-нд шинэ коронавирусийн долоон сэжигтэй тохиолдол илэрч, шинжилгээний хариуг хүлээж байна. БНХАУ-ын Ухань хотоос  ирсэн 31 оюутныг энэ долоо хоногт ХӨСҮТ-өөс гаргана” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.