Я.БУЯНЖАРГАЛ:ИРГЭД ЯВСАН ЗАМАА БИДЭНД ОГТ МЭДЭЭЛЭХГҮЙ БАЙНА

Я.БУЯНЖАРГАЛ:ИРГЭД ЯВСАН ЗАМАА БИДЭНД ОГТ МЭДЭЭЛЭХГҮЙ БАЙНА

Өнөөдөр ЭМЯ-наас коронавирусын асуудлаар хийсэн мэдээллийн үеэр иргэд иргэний үүргээ биелүүлэхгүй байна, халдвартай үед хаагуур яаж явснаа эрүүл мэндийн ажилтнуудад мэдээлэхгүй байна,ийм байдал гаргаж болохгүйг  хатуу анхаарууллаа.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Сэжигтэй тэдэн тохиолдол тусгаарлагдлаа, шинжилгээгээр тэдэн тохиолдол үгүйсгэгдлээ гэсэн мэдээллийн цаана эрүүл мэндийн салбарын олон ажилтнууд нойр,хоолгүй ажиллаж байна.

Гэтэл манай иргэд үнэхээр хариуцлагагүй, хайхрамжгүй байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, тогтоолыг иргэн бүр хувьдаа яаж хэрэгжүүлэх ёстойг ганц жишээгээр хэлье” гэж ярьсан юм.

Өчигдөр сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн Баян-Өлгийн хүн 1-2 сард дараахь маршрутаар явсан байна:

  • Нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрээн лүү гарсан.
  • Нэгдүгээр сарын 12-ны өдөр Эрээнээс цаашаа явсан.
  • Хоёрдугаар сарын 2-ны өдөр Эрээнд буцаж ирсэн.
  • Дахиад Бээжин явсан. Бээжинд хоёр хоносон.
  • Эргээд хоёрдугаар сарын 4-ны өдөр Бээжингээсээ Эрээнд ирсэн.
  • Хоёрдугаар сарын 5-нд наашаа хилээр 48 хүнтэй автобусаар гараад,Замын-Үүд дээр гурав хоносон.
  • Дахиад Улаанбаатарт ирээд хоёр хоносон.
  • Хоёрдугаар сарын 7-нд автобусаар Ховд явсан. Тэр 40 хүнтэй автобус замдаа Булганы Сансар, Ховдын Дарив дээр хооллосон.
  • Цаашаа Ховдод хоёр хоног зочид буудалд байсан.
  • Цаашаа Баян-Өлгий аймаг руу таксигаар явсан. Таксинд дөрвөн хүн байсан. Ингээд очсон хойноо халуурч байна,ханиалгаад байна, булчин өвдөж байна, толгой өвдөж байна гэсэн зовиуртайгаар Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт ирж, тусгаарлагдсан.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Иргэн явсан замаа бид нарт огт мэдээлэхгүй байна.

Бид нар тэр таксины жолоочийг хайж олж байна,40 хүнийг нэр усаар нь хайж олж байна,бүх хүнд зөвлөгөө өгч байна.

Зөвхөн нэг тохиолдол дээр гэхэд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Булган,Дорноговь,Төв аймгийн бүх аймгийн эрүүл мэндийн салбарууд ажиллаж байна. Ингэж хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй байна” хэмээн хатуу анхаарууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.