Оксфордын вакцины туршилтыг дэлхий даяар түр зогсоожээ

Оксфордын вакцины туршилтыг дэлхий даяар түр зогсоожээ

“AZD1222” вакциныг хамтран гарган авсан “AstraZeneca” эмийн компанийн төлөөлөгчид болон Их Британийн эрдэмтэд эмнэлзүйн туршилтаа АНУ-д төдийгүй ӨАБНУ, Бразил, Их Британид түр зогсоогоод буйгаа мэдэгджээ. Туршилтад оролцсон сайн дурынхны нэгэнд нь хүндрэл илэрсэнтэй холбоотойгоор ийнхүү зогсоосон юм. 

Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн мэргэжилтнүүдийн гарган авсан “AZD1222” вакцины эмнэлзүйн туршилтыг АНУ-д түр зогсоосон тухай “STAT” цахим хуудас өмнө нь мэдээлсэн юм. Туршилтын хоёр эсвэл гуравдугаар шатанд оролцогчдын нэгээс ноцтой гаж нөлөө илэрсний улмаас туршилтыг зогсоосон тухай “AstraZeneca” компанийн төлөөлөгч Ребекки Роббинс мэдэгдсэн.

Үүний дараа Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүд эмнэлзүйн туршилтуудыг зөвхөн АНУ-д төдийгүй бусад улс оронд зогсоогоод байгааг хэлжээ. Туршилтад 17 мянга орчим сайн дурынхан оролцох ёстой байсан аж. 

Сайн дурын нэг хүнд чухам юу тохиолдсон  хийгээд энэ үйл явдал нь эмнэлзүйн судалгааны цаашдын алхамд хэрхэн нөлөөлөх талаар “AstroZeneca” компанийн төлөөлөгчид, Их Британийн эрдэмтэд хараахан тайлбар өгөөгүй байна. Харин “New York Times” сонин мэдээлэхдээ, туршилтад оролцсон хүнд хөндлөн миелит буюу нугасны мэдрэлийн үрэвсэл илэрсэн гэжээ.  Энэ нь вирусний халдварт өвчний үед тохиолддог аж.  

Эдгээр гаж нөлөө нь вакцины үйлчлэлтэй холбоотой эсэхийг одоогоор тогтоож чадаагүй гэдгээ эрдэмтэд хэлжээ. Үүнээс гадна бие даасан шалгалт явуулах зорилгоор эмнэлзүйн туршилтуудыг түр зогсоогоод байгаа аж. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд барууны тархвар судлаачид, биологичид багтах юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.