Транс тосыг хүнсний хэрэглээнээс бүрэн хасах зорилтдоо хүрнэ гэдгээ ДЭМБ нотлов
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ 2023 он гэхэд транс өөх тосыг хүнсний үйлдвэрлэлд ашиглахаас бүрэн мөсөн татгалзах зорилтдоо хүрэхээр төлөвлөж байгааг тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ нотолжээ.
“2023 он гэхэд транс тосыг халах зорилгоо бид хойшлуулж болохгүй. Дэлхий нийтээрээ “COVID-19” цар тахалтай тэмцэж байгаа энэ үед бид хүний эрүүл мэндийг хамгаалахад бүхий л хүчин чармайлтаа тавих ёстой. Үүнд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээ орно" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
"Үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тос хэрэглэснээс үүдэлтэй зүрх судасны өвчний улмаас жил бүр 500 мянган хүн нас бардаг” болохыг ДЭМБ Женевт танилцуулсан тайлан мэдээндээ дурдсан байна. Үүнтэй холбоотойгоор тус байгууллага "2021 оны эцэс гэхэд 3.2 тэрбум хүнийг эдгээр хортой бодисоос хамгаалах хуулийг дэлхийн 58 улс баталсныг" нааштайгаар үнэлжээ. Гэсэн хэдий ч 100 гаруй оронд транс тосыг хүнсний хэрэглээнээс хасах арга хэмжээ авах шаардлагатай хэвээр байгаа аж.
Одоогийн байдлаар транс тосны хэрэглээтэй холбоотой нас баралтын гуравны хоёр нь дэлхийн 15 оронд ногддог байна. Эдгээр улсаас дөрөв нь буюу Канад, Латви, Словени болон АНУ ДЭМБ-ын хоол тэжээлийн талаарх зөвлөмжийг дагаж мөрдсөн боловч үлдсэн 11 орон (Азербайжан, Бангладеш, Бутан, Египет, Энэтхэг, Иран, Мексик, Балба, Пакистан, БНСУ болон Эквадор) “яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэвээр байгааг” тус байгууллага цохон тэмдэглэжээ.
Үүнээс харахад транс тосны хэрэглээг багасгах арга хэмжээг нэг хүнд ногдох орлогын хэмжээ өндөр орнуудад голчлон хэрэгжүүлжээ. Харин доогуур орлоготой орнуудын аль нь ч одоогоор ийм алхам хийгээгүй байгааг ДЭМБ анхааруулсан байна.
Үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тосыг хоол хүнснээс хасах төлөвлөгөөгөө ДЭМБ 2018 оны зургаадугаар сард танилцуулсан билээ. REPLACE нэртэй энэхүү төлөвлөгөөнд дэлхийн бүх улс оронд транс тосыг хүнснээсээ хасах зөвлөмж багтсан ба 2023 он гэхэд транс тосыг хоол хүнсэнд ашиглахаа бүрэн зогсоох талаар тусгажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.