ШХАБ-ын орнуудын удирдагчдын зөвлөлийн хуралдаан 11 дүгээр сард болно

ШХАБ-ын орнуудын удирдагчдын зөвлөлийн хуралдаан 11 дүгээр сард болно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын зөвлөлийн хуралдаан 11 дүгээр сард видео бага хурал хэлбэрээр явагдана гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.

“11 дүгээр сард хуралдааныг Тажикистан даргална” хэмээн ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдааны дүнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр  тэрбээр мэдэгдсэн байна. 

Хуралдааны үеэр Гадаад хэргийн сайд нар олон улсын терроризм, хар тамхины хууль бус эргэлт, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд нэмэлт алхам хийж, хүчин чармайлтаа нэгтгэхийг шаардсан хамтын ажиллагааны зорилго чиглэлүүдийг авч хэлэлцжээ.

Ираны хэлэлцээр

Ираны цөмийн хэлэлцээрийг дагаж мөрдөнө гэдгээ ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар батлан мэдэгдсэн хэмээн С.Лавров хэлжээ. 

"Ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах асуудлаарх Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс АНУ гарсантай холбоотойгоор үүссэн нөхцөл байдалд бид нэгдмэл байр суурьтай байгаа. Аюулгүйн Зөвлөлийн санал нэгтэйгээр баталсан энэхүү чухал баримт бичгийг бид бүгд дагаж мөрдөнө гэдгээ батлан мэдэгдсэн. Түүнчлэн хуралдааны үеэр Афганистан дахь нөхцөл байдал хийгээд Сирийн асуудал, Ойрхи Дорнод, Хойд Африкт шийдэгдээгүй зарим асуудлыг хэлэлцсэн” гэж С.Лавров ярьлаа.

Хэлэлцээрээс АНУ 2018 оны 5 дугаар сарын 8-нд гарч, газрын тосны экспортын салбарт Вашингтон Ираны эсрэг хориг арга хэмжээ авсны дараа Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний ирээдүй эргэлзээтэй болсон. Үүнээс хойш жилийн дараа цөмийн хэлэлцээрээр хүлээх зарим үүргээ түр зогсоож байгааг Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгдсэн юм. 

Нур-Султаны санаачилга

Евразийн санхүүгийн зөвлөлдөх механизм байгуулах Нур-Султаны санаачилгыг Оросын эрх баригчид авч хэлэлцэхэд бэлэн байгаа бөгөөд энэ байгууллагын үйл ажиллагааны талаарх тодорхой саналуудыг Казахстанаас хүлээж байна хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдэв.

Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны эн тэргүүнийн чиглэлүүдийн  нэг нь гишүүн орнууд хоорондын үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх төлбөр тооцооны эзлэх хувийг нэмэгдүүлэх явдал юм гэдгийг Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдааны үеэр дурдагдсаныг С.Лавров цохон тэмдэглэв. 

2019 онд Бишкек хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев байгууллагын эдийн засгийн нөөц бололцоог илүү үр дүнтэй ашиглах зорилгоор евразийн санхүүгийн зөвлөлдөх механизм байгуулах санаачилга гаргаснаа мэдэгдэж байв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.