Хятад улс дахин ашиглах зориулалтын сансрын хөлгийн туршилт амжилттай болжээ
Хятад улсын дахин ашиглах зориулалтын сансрын хөлгийн туршилт амжилттай явагдаж өндөрлөөд байгааг Синхуа дамжуулсан байна. Гэхдээ энэ хөлөгтэй холбоотой зарим мэдээллийг Бээжин нууцалж байгааг барууны хэд хэдэн хэвлэл онцолжээ.
Хөлгийг “Лон Марч 2F” пуужинд суурилуулж, 9-р сарын 4-ны өдөр Жючуанийн Хиймэл Дагуул Хөөргөх төвөөс хөөргөжээ. Энэхүү хөлөг хоёр өдөр задгай сансарт аялал хийсний дараагаар эх дэлхийд амжилттай газардаад байгаа юм. Энэ нь дахин ашиглаж болох сансрын хөлөг бүтээх Хятадын судалгааны ажилд үсрэнгүй хөгжил, ахицыг авчирсан үйл явдал болж байгааг Синхуа цохон тэмдэглэжээ. Гэхдээ энэхүү сансрын хөлгийн овор хэмжээ, хэлбэр дүрсээс эхлээд олон мэдээлэл тодорхой бус байгаа юм. Ахин хэрэглэх боломжтой сансрын хөлгийг хиймэл дагуул хөөргөх, засварлах, дэлхийн талаарх судалгааг явуулах, сансрын нисгэгч болон ачааг зөөвөрлөх зэргээр ашиглах боломжтой байдаг юм.
Ташрамд дурдахад, олон удаа ашиглаж болох сансрын хөлгийг бүтээх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн хоёрхон улс байдаг нь АНУ болон хуучин ЗХУ юм. Хятад улс ийнхүү гурав дахь орон болохоор шаргуу ажиллаж байгаа бол Европын Сансрын Агентлаг мөн л дахин ашиглах зориулалтын тойрог замын хөлөг бүтээх төслийг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.