Бог, бодын арьсыг эсгэж гэмтээхгүй хуулах төхөөрөмж нэвтрүүлжээ

Бог, бодын арьсыг эсгэж гэмтээхгүй хуулах төхөөрөмж нэвтрүүлжээ

ХХААХҮ-ийн яам НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэд хэдэн аймагт төсөл хэрэгжүүлж байна.

Үүний нэг төсөл болох Ховд аймагт хэрэгжүүлж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үнэгүйдлийг бууруулах, олон улсын чанар стандартад нийцүүлэх төслийн ажилтай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус аймагт ажиллах үеэрээ танилцлаа.

Төслийн хүрээнд хонины ноосыг машинаар хяргах, бог, бодын арьсыг эсгэж гэмтээхгүй хуулах төхөөрөмжийг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын зураг төслөөр монгол инженерүүдийн ур ухаанаар зохион бүтээжээ.

Малын арьс, ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол арьсыг нь өвчихдөө цоолж, эсгэж, зүсэх нь их байсан. Үүнээс болж, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чанарын шаардлага хангахгүй гологддог. Төслийн шугамаар үйлдвэрлэлд нэвтрүүлж буй энэ төхөөрөмжөөр бог малын арьсыг 15-20 секунд, бодын өөхгүй арьсыг 30 секунд, өөхтэй бол 1-2 минутад мэсгүйгээр эсгэж зүсэхгүйгээр хуулах боломжтой болжээ.

ХХААХҮ-ийн яам дэргэдээ Судалгаа хөгжлийн төв байгуулснаар инновац шингэсэн, хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, олон улсын стандартад нийцсэн олон ажил хийхээр төлөвлөжээ. Ингэж байж бид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэдгийг сайд З.Мэндсайхан онцоллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.