Гар сунган тусалж буй Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье

Гар сунган тусалж буй Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.02.14) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньрүй бараалхав. 

Ноён Элчин сайд, цаг гарган хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаньшугийн мэндчилгээг уламжиллаа. Сүүлийн жилүүдэд БНХАУ Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд БНХАУ үүнд ихээхэн сэтгэл хангалуун байгааг дуулгав. 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин 2013 онд Монгол Улсад айлчилснаар манай хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон. Ингэснээр манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан юм. БНХАУ Монгол Улстай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг баяжуулах, гүнзгийрүүлэх бодлогыг тууштай баримталж байгааг ноён Элчин сайд хэлээд “Миний бие Элчин сайдаар ажиллах хугацаандаа төр засгийн энэхүү гадаад бодлогыг ёсчлон баримталж Монгол Улсын холбогдох байгууллагуудтай элэгсэг дотноор хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. Мөн тэрбээр БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-ний 25  жилийн ой тохиож хоёр тал жилийн туршид олон арга хэмжээг утга төгөлдөр, амжилттай зохион байгуулсан нь хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэх, иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд тустай болсон гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлээр идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглээд, ялангуяа эдийн засгийн харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй хамтын ажиллагааг чухалчилж байгаагаа ноён Элчин сайд Чай Вэньрүй хэллээ. Энэ хүрээнд чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хамтран урагшлуулна гэдэгт итгэлтэй байна гэв.  

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд бидний мэндчилгээ, эв санааны нэгдлийг албан ёсоор уламжилж өгөхийг хүсч байна” гэв. Арваад жилийн өмнө миний бие Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед ноён Чай Вэньрүй Та БНХАУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан. Тэр үед Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоох тунхаг бичгийг байгуулахад гар бие оролцож байсныг дурсахад таатай байна гэлээ. 

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж Монголын зүйр үг бий. Энэ цаг үед Монгол Улс, төр засаг, түүний дотор Улсын Их Хурал халдварт вирусээс иргэдээ болон дэлхий дахиныг хамгаалах, учирсан хор уршгийг богино хугацаанд даван туулахаар тэмцэж буй БНХАУ-ын ард иргэдтэй эв санааны нэгдэлтэй байна. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй энэхүү сорилт, бэрхшээлийг бид хамтдаа давж гарах болно. Тэр дундаа БНХАУ сорилт, бэрхшээлийг богино хугацаанд амжилттай давна гэдэгт итгэлтэй байна гэлээ. ДЭМБ-аас манай улсыг эрсдэл өндөртэй орны тоонд оруулж, бэлэн байдалд байхыг сануулсан. Тиймээс өчигдөр Засгийн газар хуралдаж Монгол Улс, БНХАУ-ын хоорондох бүх боомтуудаар ирэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна. Энэ талаар “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн дагуу Хятадын талд албан ёсоор мэдэгдэж байгаа болно. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна гэв. 

 Элчин сайд хэлэхдээ “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин биечлэн удирдаж, Засгийн газрын тэргүүн Ажлын хэсгийг ахалж корона вирусийн халдвар, тархалттай тэмцэж байна. Бид ард нийтийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг эн тэргүүнд тавьж, улсын хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлэх нэгдсэн тогтолцоо бүрдүүлэн, эрчимтэй ажиллаж байна. Халдварыг дотооддоо хязгаарлах, гадагшаа тархаахгүй байхад онцгой анхаарч, арга хэмжээ авч байгаа нь үр дүнтэй байна” гэлээ. Түүнчлэн уг асуудлаар олон улсын түвшинд нээлттэй, ил тод хамтран ажиллаж байгааг тэмдэглэн хэлэв. Мөн Монгол Улсад нэг ч тохиолдол илрээгүйд нэн баяртай байгаагаа ноён Элчин сайд Чай Вэньрүй илэрхийлсэн. 

ДЭМБ-аас БНХАУ-ын Засгийн газар олон улсад жишиг болохуйц арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг өндрөөр үнэлснийг тэрбээр дуулгав. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг бүрнээ дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид шинжлэх ухааны үндэслэл, бодит байдалд нийцүүлэн хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр “Монгол Улсын зүгээс манай улс, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн явдалд бид туйлын их баярлаж, талархаж байна. Монголын ард түмэн гар сунган тусалж буйд Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэлээ. 

    Ноцтой цаг үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм нь эдийн засаг, ачаа тээвэр, бизнесийн хамтын ажиллагаанд брхшээл,саад учруулж буй хэдий ч хамтын ажиллагааны цар хүрээгээ хэрхэвч сааруулж болохгүй гэдгийг Элчин сайд Чай Вэньрүй тэмдэглэн хэлсэн. 

 Бодит эх сурвалжаас нөхцөл байдлын талаарх мэдээллийг тухай бүр хүлээн авч, нааштай үр дүн гарч байгаад баяртай байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн. Монгол Улс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд цаашид цаг үеийн бодит нөхцөл байдалд нийцсэн, зайлшгүй шаардлагатай арга хэмжээг Монгол Улсын төр засгаас хойшлуулалгүй авч хэрэгжүүлэх болно гэлээ. 

    Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх чиглэлээрх Элчин сайдын санаачилгыг хууль тогтоох дээд байгуулага бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд “Та амаргүй бэрхшээл тулгарсан, онцлогтой цаг үед Элчин сайдаар томилогдон ирлээ. Хүн төрөлхтний өмнө тулгараад буй энэхүү бэрхшээл, сорилтыг бид эв санааны нэгдэлтэйгээр даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Танд ажлын өндөр амжилт хүсье” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.