ФАТФ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт Монголд ирж, газар дээрх ШАЛГАЛТ хийнэ
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас Монгол Улс “Саарал жагсаалт"-аас гарахад бэлэн болсон эсэхийг нягтлах, газар дээрх хяналт шалгалтыг аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд хийх гэж байна.
Түүнчлэн ФАТФ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт Монгол Улсад ирэх юм.
ФАТФ “Саарал жагсаалт”-тай холбоотой Монгол Улсын тайланг хэлэлцээд, зургаан даалгаврыг биелүүлсэн гэсэн дүгнэлтийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан.
Сануулахад, Монгол Улс ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт дөрвөн шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр зургаан үүрэг даалгавар авсан.
Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт хүргүүлж ажилласан.
Эхний тайланг 2020 оны нэгдүгээр сард ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн БНХАУ-д зохион байгуулсан хурлаар хэлэлцүүлсэн. Тус хурлаар Монгол Улс ФАТФ-тай тохирсон зургаан ажлын гурвыг хангалттай гэж үнэлүүлсэн. Үүнтэй зэрэгцэн КОВИД-19 цар тахлын улмаас ФАТФ-аас стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарахтай холбоотойгоор бүх улс орнуудын үнэлгээ хийх ажлыг дөрвөн сараар хойшлуулж байгааг мэдэгдсэн юм.
Уг мэдэгдлийн хариуд Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдаас 2020 оны гуравдугаар сард ФАТФ-т албан хүсэлт илгээсэн. Уг хүсэлтэд Монгол Улс нь жагсаалтаас гарахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгааг уламжлаад, манай улсад үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр холбогдох хурлыг зайнаас зохион байгуулах хүсэлтийг илэрхийлсэн юм. Үүний үр дүнд ФАТФ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын үлдсэн ажлуудаа хамгаалах хугацааг хэвээр үлдээхийг зөвшөөрсөн.
Ажлын хэсэг нь 2020 оны дөрөвдүгээр сард ФАТФ-тай тохиролцсон үйл ажиллагааны үлдсэн гурван ажлын явцыг тусгасан тайланг ФАТФ-ын Ази, Номхон далайн хамтарсан бүлэгт хүргүүлж, 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр тайлангаа амжилттай танилцуулж, хамгаалсан юм.
ФАТФ-аас ирүүлсэн тайлангаар Монгол Улс өгөгдсөн зургаан ажлын үүрэг даалгавраа хангалттай биелүүлсэн гэдэг үнэлгээг өгсөн.
Түүнчлэн энэ ажлын хүрээнд Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээг авахаар болсон юм.
Хяналт, шалгалтыг газар дээр нь хийсний дараа ФАТФ манай улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргахаа эцэслэн шийдвэрлэх юм
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.