Болгоомжгүй байдлаасаа болж амь насаа эрсдэлд оруулж байна гэв
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газраас цаг агаар муудахыг сэрэмжлүүлж, анхааруулсаар байтал нялх хүүхэд, өндөр настнуудыг тээвэрлэж хол замд явах бэлтгэл муутай гарснаар төөрч, өөрийн болоод үр хүүхэд, ээв, ээжийнхээ амь насыг аюулд учруулж байгааг анхаарууллаа.
Энэ сарын 12-13-нд тус аймгийн нийт нутгаар цас орж, салхи хойноос секундэд 9-14 метр хүрч, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарсан.
Шуурганаар аймгийн Онцгой байдлын газарт найман дуудлага иржээ. Албаныхан эрэн хайх, авран хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулав.
Улаанбаатараас 1-4 насны гурван хүүхэд, өндөр настай нэг хүний хамтаар, харгалзах хүнгүйгээр хол замд гарсан эсвэл бэр гуйх гээд ах дүүс замд гарсан гэх мэт дуудлагын хойноос Онцгой байдлын алба хаагчид ажилласан байна.
Алба хаагчид дуудлагын дагуу эрэн хайх, авран хамгаалах үйл ажиллагааг явуулсан бөгөөд хэн нэгний амь нас эрсдээгүй ч гэсэн дахин ийм байдал гаргахгүй байхыг аймгийн ОБГ-ын дарга, хурандаа М.Адьяабаатар онцгойлон анхааруулсан юм.
Цаг агаарын аюулт үзэгдэл болох, хүндрэх тохиолдолд УЦУОШТ, Онцгой байдлын газраас гаргасан мэдээллийн хэд хэдэн сувгийг ашиглан иргэдэд мэдээлэл хүргэж, сэрэмжлүүлж байгаа боловч иргэд хэнэггүй, хайхрамжгүй хандаж байгааг онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.