Зорчигчийн зөрчил өмнөх сартай харьцуулахад 47 хувиар буурчээ

Зорчигчийн зөрчил өмнөх сартай харьцуулахад 47 хувиар буурчээ

Нийслэл хотын хэмжээнд 98 чиглэлд 900 гаруй автобус нийтийн тээвэр үйлчилгээнд гарч байгаа боловч өглөө, орой ажил эхлэх, тарах цагт нийтийн тээврийн ачаалал, хүртээмж хангалтгүй байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ сэдвийн хүрээнд нийтийн тээвэр үйлчилгээний нөхцөл байдал, үйл ажиллагааны талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт улсын болон хувийн 20 орчим аж ахуйн нэгж байгууллагын 900 гаруй автобус, 98 чиглэлд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гэх тоон мэдээлэл байна. Гэсэн хэдий ч бүх автобус 100 хувь өдөр бүр үйлчилгээнд гарах боломжгүй талаар албаныхан мэдээлж байв. Тухайлбал, 2020 оны есдүгээр сарын 29-ны өглөөний эх авалтаар нийт 712 үйлчилгээнд гарсан ба үүн дээр дундын эх авалтын /богино цагаар/ 20-30 автобус өдөртөө нэмэлтээр явах боломжтой. Манай нийтийн тээвэр үйлчилгээнд явж буй автобуснуудын дийлэнх хувь нь он хуучирсан, насжилт өндөр, техникийн бүрэн бүтэн байдал хангалтгүй байгаа учир ойр ойрхон эвдрэл гэмтэл үүсэж, засвар үйлчилгээ хийх шаардлагатай болдог байна.

Нийслэлийн тээвэр үйлчилгээний газраас 2020 оны есдүгээр сарын 21-28 өдрүүдэд “Зорчигчийн ачаалал”-ын судалгааг өглөөний 06:40-08:30, оройны 18:00-19:30 цагийн хооронд явуулжээ. Судалгааны үр дүнд зорчигчийн урсгал өмнөх наймдугаар сартай харьцуулахад 25 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэхүү өсөлтөд Улаанбаатар хотын хүн амын өсөлт коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан улсын хилийг хааж, хүн амын нягтрал ихэссэн нь голлох нөлөө үзүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр ирэх сарын 1-нээс эхлэн уг судалгааны үр дүнд үндэслэн зарим ачаалал ихтэй чиглэл, автобус зогсоолуудад автобусны тоог нэмэгдүүлэх, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газрын улсын байцаагч, Сити Баз Консалтинг ХХК-ийн нийтийн тээврийн хяналтын ажилтан, шалгагч нарын хамтарсан “Зорчигч тээвэр”-ийн шалгалт хуваарийн дагуу тогтмол явагдаж байгаа бөгөөд Сити Баз Консалтинг ХХК-ийн компаний наймдугаар сарын тайлан мэдээнд дурьдсанаар нийт 3432 нийтийн тээврийн хэрэгсэл, 50 автобус зогсоолд хяналт, шалгалт хийж ажилласнаас 56,704 зорчигчийн зөрчил бүртггэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 47 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Зорчигчийн зөрчлийн 60 орчим хувийг бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн зөрчил байжээ. 2020 оны есдүгээр сарын байдлаар УБ смарт Карт ХХК-иас мэдээлсний дагуу нийт 954 карт цэнэглэх цэг ажиллаж үүнээс 415 нь пос машинаар цэнэглэх боломжтой аж. Хяналт шалгалтын үед зөрчил гаргасан зорчигч, жолооч нарт хууль, дүрэм журамын талаар тайлбар, мэдээлэл өгөх, сануулах, эцсийн дүнд торгох арга хэмжээ авч байгаа ба картгүй иргэдийг картжуулах, явуулын цэнэглэлт хийх зэрэг цогц арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа болно. 

Нийслэлийн тээвэр үйлчилгээний газрын “70044040” дуудлагын утсанд ирсэн иргэдийн санал гомдлын нилээдгүй хувь нь нийтийн тээврийн жолооч, хяналтын ажилтан, шалгагчийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн мэдээ байна. Тиймээс Нийтийн тээврийн үйлчилгээний газраас санаачлан нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй хяналтын ажилтан, шалгагч нарын мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх, харилцааны ур чадвар эзэмшүүлэх сургалтыг “УБ смарт карт ХХК”, “Сити Баз Консалтинг” ХХК нартай хамтран амжилттай зохион байгуулсан ба уг сургалтын үйл ажиллагааг нийтийн тээвэр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд дээр зохион байгуулах болохоор төлөвлөөд байгаа аж.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.