ЖАЙКА-гийн Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

ЖАЙКА-гийн Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико болон хөтөлбөрийн ажилтнуудтай энэ сарын 1-нд уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд цаашдын төлөвлөгөө болон ЖАЙКА-гаас засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл солилцов.

ЖАЙКА Монгол дахь Төлөөлөгчийн газраа 1997 онд байгуулсан бөгөөд эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэхэд анхаарч ирсэн байна. Тус байгууллагаас засаглалыг бэхжүүлэх хүрээнд төрийн санхүүгийн удирдлагын чадавхыг сайжруулах, эрчимтэй зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан, амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг өндөр гэдгийг дурдаад гадаад дотоодын судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн Японы төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах, ЖАЙКА-гийн судалгааны хүрээлэнтэй хамтарсан судалгаа хийхэд зуучлан холбох боломжтой гэдгийг дурдав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.