“Тавантолгой түлш” ганцхан шөнийн хяруунд л бүдрэв
ЗАСГИЙН ГАЗРААС “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ”-ИЙН ТЕХНОЛОГИД АЛДАА БАЙНА УУ,
ЭСВЭЛ УДИРДЛАГЫН БАГТ АЛДАА БАЙНА УУ ГЭДГИЙГ ТУНГААХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
Намрын дунд сар дуусаагүй цочир хүйтэрч, гэр хорооллын айлууд галлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл анхны бага зэргийн цочир хүйтэрч хоносон шөнө 101 хүн угаартсан харамсалтай мэдээлэл байна. Энэ бол нийслэлчүүдийг тосон уулзаж буй хамгийн том айдас. Идэр есийн хүйтэн эхлэхээр яах вэ, мянга мянгаараа угаартах уу гээд шил шилээ дарсан аюулын харанга дэлдэж байна. Өнгөрөгч сарын 30-наас энэ сарын 1-нд шилжих шөнө ердөө хасах дөрвөн хэмийн хүйтэн болж, зузаавтар хяруу унахад “Тавантолгой түлш” тараа таниулж, “Онц муу” дүн авав. Энэ хэрээр өглөө сэрэхгүй бол яана гэх бодол ч нийслэлчүүдийн толгойд орж ирж байгаа нь лавтай.
Өнгөрөгч жил 10 гаруй хүн нас барж, 2000 гаруй хүн угаартаж, ямар нэгэн байдлаар эмнэлгийн тусламж авсан байдаг. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу сайжруулсан түлш үйлдвэрлэхээр төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан.
Энэ хэрээр нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй хориглох зэргээр арга хэмжээ авч, нийслэлийн утаа эрс буурсныг үгүйсгэхгүй. Яах аргагүй зоримог ажил хийсэн нь сайшаалтай. Гэтэл иргэдийнхээ амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж утаа бууруулсан нэр зүүх хэрэг байсан уу, үгүй юу хэмээн эргэлзэхэд хүргэсэн үйл явдал давтагдсаар байна.
Урьд өмнө иргэд олон нийт төр засаг энэ түлшийг хэрхэн түлэх зааварчилгааг ил тод болгоогүй, иргэдэд түлшийг яаж хэрэглэх тухай зааварчилгааг дутуу өгсний гай хэмээн түлш үйлдвэрлэгчдээс холдуулах гэж үзсэн. Иргэддээ мэдээлэл өгдөггүй, судалгаа шинжилгээгүй шийдвэрийнх нь улмаас иргэдийн амь насанд хохирол учраад байна гэх зэргээр шийдвэр гаргасан Засгийн газарт бурууг тохох гэж үзэв. Ерөөсөө түлш үйлдвэрлэгчид рүү дайраагүй. Энэ бол арга ядсан хэрэг. Учир нь олон жил утаанд дарлуулсан нийслэлчүүд утаа буурсанд баярлаад ийнхүү бурууг тохох эзэн хайж байсан хэрэг. Аливаа хэрэгт заавал эзэн холбогдогч хэрэгтэй биз дээ. Нөгөө талаар шинэ тутам зүйлд алдаа гардаг учраас туршлагжаад цааш явна гэсэн найдлага дүүрэн байсных биз ээ. Гэтэл анхны цочир хүйтнээс зуугаараа угаартаж байгаа нь энэ найдлагыг тасалж байна. Тухайн үед сөрөг хүчний хэдэн нөхдүүд улс төр хийх гэж оролдоод “Хүний амь насаар шоудлаа, утаа эрс буурч байхад...” хэмээн тас хөндлөн шүүмжилснээр чимээ намдаасан. Иргэд ингэж хүртэл эерэг хандаж, “Тавантолгой түлш”-ийг өмөөрч байв.
Харин энэ жилийн хувьд анхны ялимгүй цочир хүйтэрч хоносон шөнө зуугаараа угаартаж байгаатай хэн ч яагаад ч эвлэрэхгүй. Цөмийн зэвсгийн туршилт хийж байгаа биш, түлш төдийнхнийг хоргүй үйлдвэрлээд байж болно гэдгийг мэргэжилтнүүд ч хэлж буй. Чухам “Ямар шалтгаанаас дахин дахин” гэдэг асуултад хариулт олох хэрэгтэй болж байна.
Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол удирдлагын багийн ажиллагаанаас ихээхэн үүдэлтэй болохыг санууллаа. Магадгүй тохиолдол ч удаа дараа ажиглагдаж байгаа. Тэд “Тавантолгой түлш”-ийн гүйцэтгэх захирлаар М.Ганбаатар ажилладаг. Харин удирдлагын багт дуучин, жүжигчин гэх мэт урлагийн чиглэлийн хүмүүс түлш хэрхэн үйлдвэрлэх, хэрхэн түлэх талаар зааж зөвлөж явдагтай ч холбон тайлбарлах нь бий. Бүрэн улсын нийслэлийг түлшээр хангаж байгаа байгууллагад тайзгүй болсон дуучин, дэлгэцгүй болсон жүжигчин ямар хэрэгтэй юм. Ядахад мэргэжлийн чиглэлээр сургууль төгссөн, шавар чулуу хоёр ялгаж салгах хүн олддоггүй хэрэг үү. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ч хандаж болно. Уг нь үйлдвэрлэл эхэлж байхдаа гаднын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсныг бид мэднэ. Гэтэл хүн нас барах, угаартах үзэгдэл байсаар байв. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийн хаагуур нь хорт хий ялгараад байна вэ гэдгийг манайхан өөрсдөө тунгаах шаардлага ч бий. Алдааг гаднаас бус дотроос хайх нь ихэнхдээ үр дүнд хүрдэг тал байдаг.
Дэлхий нийтээрээ нүүрсийг 200 гаруй жил боловсруулж ирсэн түүхтэй. Одоо хүртэл судалгааны ажил дуусаагүй, дараа дараагийн технологийг нэвтрүүлсээр байгаа ч бид дадаж сурч, хариуцлагжахгүй байна. Нэгэнт хамгийн өндөр технологи оруулж ирж чадахгүй, бултаараа хийн, шингэн системд шилжиж, орон сууцжаж чадахгүй учраас үүнийгээ л тордож сайжруулахаас өөр аргагүй.
Тэгэхээр одоо бид үүнийг шүүмжлэхээсээ өмнө яах вэ гэдэг асуудлаа тойроод нэг шийдэлд хүрэхгүй бол энэ өвлийг ямар гарз хохиролтой давахыг таах аргагүй. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар удирдлагын багийг чадавхижуулах, мэргэжлийн болгох, хяналтыг чангатгах тал дээр анхаарч үзэх арга зам ч байж болох юм гэлээ. Анх 2018 онд үйлдвэрийн шугамыг нээхдээ хятадын технологиор эхлүүлж байсан ч 2019 оны намар илүү дэвшилтэт, илүү агаарт хор хөнөөл багатай солонгосын технологид шилжүүлсэн гэдгээ тухайн үед ярьж байсан. Мөн европ технологи, японы орц жорыг нэвтрүүллээ хэмээн Тавантолгой түлшийн захирал ч өөрөө ярьсан. Тэгвэл яагаад дэвшилтэт технологи нэвтрүүлээд байхад хүн хордоод байгаа юм. Үүнээс харахад мэргэжилтнүүд болон зарим эх сурвалжийн хэлж байгаа ажиллах чадвар, мэргэжлийн хандлага дутаж байгааг харуулсан байхыг үгүйсгэхгүй.
Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл сөхөхөд 2020 оны эхэнд нүүрсэнд байгаа маш олон дэгдэмхий хорт бодисыг үйлдвэрийн аргаар шүүж хаяж байна. Хүний биед хамгийн хортой ширхэгтэй тоосонцор, мөн хамгийн хортой PM бодисыг технологийн аргаар гарган үлдээдэг болсон. Үүнээс гадна түлшийг маш хурдан шаталттай, илчтэй байх тал дээр анхаарахын зэрэгцээ түлш барьцалдуулж байгаа цавуу гэхэд царджуулсан экологийн гаралтай бодис байдгийг чанаржууллаа. Мөн цэвэршүүлэгч бодис гэхэд дотоод шаталтыг бий болгохоос гадна гадагшаа шатаж утаа нь дээшээ дэгдэх бол утаатай нь шатаадаг зориулалтын бодисыг ч ашиглаж байгаа гэх мэтээр Тавантолгой түлш”-ийн удирдлагууд байр сууриа удаа дараа илэрхийлж байсан нь ганцхан шөнийн дотор худлаа боллоо. Үүндээ тайлбар хийх хэрэгтэй.
Намрын хяруунаар зуугаараа угаартаж байгаа нь тоглоом биш гэдгийг Засгийн газар анхаарч байгаа байх. Эрх баригчдыг сонгууль хэмээн морин дэл дээр сэлэм эргүүлж явахад эрдэнэт хүний амь насанд заналхийлж байна. Үнэхээр технологи нь хэт хуучирсан бол өөр арга бодох хэрэг гарна. Гэтэл “Тавантолгой түлш”-ийн удирдлагуудын хэлж байгаагаар “Дэвшилтэт технологи” юм бол удирдлагын багаа шинэчлэх, мэргэжлийн баг бүрдүүлэх цаг болсныг ганцхан шөнийн хяруу сайтар санууллаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.