Хятадын влогчин эмэгтэйг live хийж байхад нь шатаажээ

Хятадын влогчин эмэгтэйг live хийж байхад нь шатаажээ

Хятадын алдартай влогчин эмэгтэйг live хийж байхад нь нөхөр нь дээрээс нь бензин асгаж, галдан шатаажээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, Ламу гэгч бүсгүй Хятадын “TikTok” хувилбар болох “Douyin” сүлжээнд олон зуун мянган дагагчтай алдартай нэгэн гэнэ. Биеийнх нь 90 хувь нь түлэгдсэн бүсгүй халдлага болсноос хойш хоёр долоо хоногийн дараа шархаа даалгүй нас баржээ. Энэ аймшигт хэрэг явдал Хятадын “Weibo” олон нийтийн сүлжээнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар ширүүн хэлэлцүүлэг өрнөхөд хүргээд байгаа бөгөөд 70 гаруй сая хүн түүний үхлийн талаар хэштэг хийжээ. Хэрэглэгчид эмэгтэйчүүдийг хамгаалсан цагдаа, шүүгч, прокурор хэрэгтэй гээд эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсохыг шаардсан байна.

Хятадын Сычуань мужаас гаралтай 30 настай Ламу орон нутгийн аж амьдралын тухай хөгжилтэй дүрс бичлэг нийтэлж, олон сая хүний талархал хүлээн лайк авдаг байжээ.

Жинчуан тосгоны нийгмийн аюулгүй байдлын товчооноос гаргасан мэдэгдэлд, есдүгээр сарын 14-нд гарсан аймшигт халдлагын дараа бүсгүйг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хожим нь Сычуань мужийн Ардын эмнэлэгт шилжүүлсэн байна. Гэр бүлийнх нь эмчилгээний зардлыг нь төлөхөд зориулан дагагчдаас нь санхүүгийн дэмжлэг хүсэхэд нэг хоногийн дотор нэг гаруй сая юанийн хандив цуглажээ. Ламу есдүгээр сарын 30-нд шархаа даалгүй нас барсан байна.

Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр, түүний нөхөр болох Тан гэгчийг есдүгээр сарын 14-нд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.