Өнөөдөр дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэж байна
Дэлхийн багш нарын 26 дахь, Монголын багш нарын 54 дахь удаагийн баярын өдөр өнөөдөр тохиож байна.
Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан бөгөөд Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос 2 дугаар сард тэмдэглэж ирсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан юм. Энэхүү Багш нарын баярын өдрийг, өнөөдөр дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай.
1966 оны энэ өдөр ЮНЕСКО ба Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран Багш нарын статусын тухай Засгийн газар хоорондын тусгай бага хурал /Special Intergovernmental Conference on the Status of Teachers/ зохион байгуулж Багш нарын статусын тухай зөвлөмж -ийг /The ILO/UNESCO Recommendation concerning the Status of Teachers/ батлан гаргасан юм. Уг зөвлөмж нь багшийн мэргэжлийн олон улсыг стандартыг тодорхойлж өгсөн бөгөөд хууль зүйн заавал дагаж мөрдөх баримт биш боловч боловсролын чанарыг сайжруулах зорилгоор багш нарын статусыг дээшлүүлэх чухал эрх зүйн баримт бичигт тооцогддог.
Мөн 1997 оны 10 дугаар сард ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 29 дүгээр чуулганаар “Их дээд сургуулиудын багшлах боловсон хүчний статусын тухай зөвлөмж”-ийг /The UNESCO Recommendation concerning the Status of Higher-Education Teaching Personnel/ батлан гаргажээ.
Монгол Улсын боловсролын салбарт 2018-2019 оны хичээлийн жилд нийт 47,5 мянга шахам багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагаас 40 гаруй мянга нь улсын сургуульд, 7,3 мянга нь хувийн сургуульд багшилж байна. Тодруулбал, сургуулийн өмнөх боловсролд 7.8 мянга, ЕБС-д 30.4, МСҮТ-д 2.5, их дээд сургуульд 6.7 мянган багш ажиллаж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын багш хамгийн их ачаалалтай буюу нэг багшид ногдох хүүхдийн тоо 31 байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.