Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нараас ДОПИНГ илэрснийг зарлалаа
Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хорооноос яг одоо (2020.10.05) энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж байна.
Өнөө жилийн Үндэсний их баяр наадамд шөвгөрч, допингийн шинжилгээ өгсөн 16 бөхийн гурваас нь хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл олонд ил болсон. Хэдийгээр шинжилгээний дүнг албан ёсоор зарлаагүй байгаа ч нэр дурдагдсан бөхчүүдээс аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва нар өөрсдийнх нь сорьцоос допингийн төрлийн бодис илэрснийг хүлээн зөвшөөрөөд байгаа.
Тухайлбал, Н.Батсуурь аварга 2020.09.14-нд мэдээлэл хийж, өөрийнх нь шинжилгээний хариу эерэг гарсныг хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан. Гэхдээ тэрбээр "Предизин" гэх зүрхний эмийг зориудаар уугаагүй. Гаднаас миний биед орж ирсэн гэж үзэж байгаа. Энэ эмийг уух ямар ч үндэс байхгүй учраас идэж, уусан зүйлд минь найруулж өгсөн гэж хардаж байгаа гэдгээ онцолсон. Тэгвэл түүний мэдэгдлийн араас Улсын арслан Р.Пүрэвдагва мөн л шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч, хүлцэл эрсэн.
Тэгвэл допинг илэрсэн гурав дахь бөх энэ жилийн баяр наадамд зургаа давж, Улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх Б.Бат-орших болохыг Бөхийн салбар хорооноос мэдэгдлээ.
Сануулахад, Улсын арслан Р.Пүрэвдагва өөрийн шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч, “Бөх сонирхогчид намайг мэдэх байх. Би Аймгийн арслан цолтойгоосоо хөлний бэртлээ эмчлүүлж, өдий хүртэл бэлтгэлээ таслалгүй хийж ирсэн. Сүүлийн 2-3 жилд хөлний бэртэл сэдэрсэн. Барилдаж байгаа хүн үүнийгээ нуух, хаах зүйл байсан. Энэ хавар маш их эмчилгээ хийсэн. Үүнээс болсон юм шиг байна. 100 жилийн ой болох гэж байгаа энэ торгон агшинд зуунд нэрээ мөнхлөх боломжийг алдаж байгаадаа сэтгэл дундуур байна. Би санаатай хэрэглэх хүн биш. Ер нь залуучууд, бөхчүүд минь хайнга, болгоомжгүй байдлаас болж ийм асуудалд холбогдож байна. Бөхчүүд рүү хандсан допингийн талаарх нарийн мэдээлэл үнэхээр дутмаг байдаг. Бид дур сонирхлоороо л барилдаж байгаа. Бидэнд хандсан сургалт, семинар алга. Улсын өндөр цолтой би ингээд алдчихсан байхад бусад залуучууд допингийн талаар ямар мэдээлэлтэй байгаа нь тодорхой. Бөхөд хайртай монгол түмэн минь уучлаарай. Хүлцэл өчье” гэсэн мэдэгдэл хийсэн билээ.
ЭХ СУРВАЛЖ: https://zindaa.mn/3esy
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.