"Хамтдаа хамгаалъя" хэлэлцүүлэг боллоо
Стратеги Академиас зохион байгуулж буй Монгол Улс дахь хүүхдийн эрхийн хамгааллын бодит нөхцөл байдлыг тодорхойлж, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, хууль эрх зүйн орчны сайжруулалтын талаар нэгдсэн нэг ойлголт зөвлөмжийг өгөх “Хамтдаа хамгаалъя” хэлэлцүүлэг боллоо.
Тус арга хэмжээнд ХНХ-ынн сайд А.Ариунзаяа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, ЖҮХ-ын Жендэрийн Консорциумын багш Н.Болдмаа,”Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг салбарын мэргэжилтнүүд, оюутан залуус оролцсон юм.
“Хамтдаа хамгаалъя” хэлэлцүүлэг нь “Хүүхдийн эрхийг хамгаалахад нийгэмд тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал” болон “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох арга зам, шийдэл” сэдвүүдийн хүрээнд явагдсан.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “ Монгол Улсын Их хурлаас 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг шинэчлэн баталж, ялангуяа Хүүхдийн эрхийн тухай хуулиар “Хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн бүрэн эрхийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж өгсөн”-өөрөө чухал ач холбогдолтой болсон. Хүүхэд аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртөх, садар самуун, гэмт хэргийн хохирогч болох, эцэг эхдээ хаягдах, хараа хяналтгүй амьдрах, гэмт хэрэг, ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэхээс гадна төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч төрж байна.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд энэ оны 9 сарынн байдлаар 75,000 дуудлага мэдээлэл ирсэний 20.1 хувь нь хүүхэд хамгааллын дуудлага эзэлж байна.
Улсын хэмжээнд 18 түр хамгаалах байр, 13 нэг цэгийн үйлчилгээний төвөөр 1248 хүүхэд аюулгүй байдлын хамгаалалт, түр хамгаалах байрны үйлчилгээ авлаа. ГБХЗХГ-ын “Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн сан”-гийн Эрсдэлийн программд 21.141 хүүхэд бүртгэлтэй байгаа ба 7466 хүүхдийн эрсдэлийг бууруулсан байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр бодитой олон үйл ажиллагааг хэрэгжүүлж, хууль зүй, боловсрол, эрүүл мэнд, мэдээлэл харилцаа, холбооны салбаруудын хамтын ажиллагаа, ажлын төлөвлөлт, уялдаа холбоо сайжирч эхэлж байгаа хэдий ч анхаарах асуудал цөөнгүй байна” гэв.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “ Бид хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоох ёстой. УИХ, Засгийн газраас Хүүхэд, гэр бүл, залуучуудын эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Хүүхэд хамгааллын хуулийг шинээр батлан хэрэгжүүлж байгаа.
Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг таслан зогсоох, тэднийг хамгаалах чиглэлд хууль, эрх зүйн чиглэлд ахиц гарч байгаа ч бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байна.
Тиймээс УИХ дахь нэр бүхий гишүүд “Хүчирхийлэлтэй тэмцэх лобби” бүлэг байгуулсан. Бид хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэгч салбар байгууллагууад тулгамдаж буй асуудлыг судлан бодлогын дэмжлэг үзүүлэх, хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр төрийн болон иргэний байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгараад байна” гэсэн юм.
“Хамтдаа хамгаалъя” арга хэмжээ нь бүтэн сарын турш үргэлжлэх ба 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмтхэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор санаачлан эхлүүлж байгаа аж.
Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.