У.Хүрэлсүх: Чанартай бэлтгэгдсэн боловсон хүчин хөгжлийн тулгуур болох учиртай

У.Хүрэлсүх: Чанартай бэлтгэгдсэн боловсон хүчин хөгжлийн тулгуур болох учиртай

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Барилгын политехник коллежийн сургалтын үйл ажиллагаа, орчин нөхцөл болон  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа дадлагын баазын явцтай танилцав. Мөн шинээр нэвтрүүлж буй Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын цахимжуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд хөдөлмөрийн зах зээлд нийцүүлэн ур чадвартай мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний болон орон нутгийн хөгжлийн зорилттой уялдуулан Мэргэжлийн боловсрол, сургалтыг төрөлжүүлж, сургалтын кампус, дадлагын баазыг байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд сайшаав.

Үүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх цэцэрлэгээр орж танилцлаа. ХНХЯ нь хүүхдийн цэцэрлэг болон байгууллага дээрээ хүүхдийн өрөөтэй. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын 2019-2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөө”-ний 40-д “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг тусгаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу ХНХЯ эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллаж хүүхдийн өрөөтэй болсон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Засгийн газрын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажил болоод салбарын бодлогын шинэчлэл,  цаашдын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тухайлбал, Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Мэдээлэл технологи, цахимжуулалтын ажлыг үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсрууллаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчлэлийг эхлүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдэд зориулан жижиг зээл олгохоор шийдвэрлэсэн зэрэг Засгийн газрын 100 хоногт салбарын хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлыг танилцуулав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийсэн цахимжуулалтын ажлыг онцлон тэмдэглэв. Ирэх дөрвөн жилд зам тээвэр,  хүнс, хөдөө хөж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, уул уурхайн салбар, аялал жуулчлал зэрэг бүх салбарт 138 мянган ажлын байр бий болгохтой холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлийг зөв удирдаж, эрэлт, нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Мөн тэрбээр “Нийгмийн халамжийн үйлчилгээг хэт хавтгайруулахгүй зорилтот бүлэгт чиглүүлэх нь чухал. Хүмүүс хөдөлмөрлөх ёстой. Тиймээс хөдөлмөр, халамжийн бодлогын ялгаа заагийг гаргаж хүний хөгжил рүү чиглэсэн бодлогод анхаарч хүн хөдөлмөрлөөд өөрөө өөрийгөө аваад явах чадвартай болоход ач холбогдол өгч ажиллаарай. МСҮТ болон политехник коллежид богино хугацаанд чанартай бэлтгэгдсэн боловсон хүч манай бүтээн босголтын зүтгүүр, хөгжлийн тулгуур болох учиртай. Ирэх дөрвөн жилийг бүтээн байгуулалтын он жил гэж харж байгаа. Бидэнд нарийн мэргэжлийн ажилчид хэрэгтэй байна. Үүнээс гадна ахмад настны эрүүл мэнд, нийгмийн халамжийн чанар, хүртээмжийг сайжруулах. Эх орны гэрэлт ирээдүй болсон үр хүүхдээ аюулгүй орчинд өсөж торних, сурч боловсрох нөхцөлөөр хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай халамж, нийгмийн харилцаанд жирийн иргэдтэй адил оролцох арга зам, сайн туршлага, шинэ арга хэрэгсэл нэвтрүүлэхэд анхаарч ажиллаарай” гэв.

Үүнээс гадна Нийгмийн даатгалын call center үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус дуудлагын төвд ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа. Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ХНХЯ-ны нэг давхарт харааны бэрхшээлтэй иргэдийн ажиллуулдаг Кафе море бий. Кафе море нь харааны бэрхшээлтэй иргэд ажилладаг дэлхийн анхны Солонгосын кафе брэнд юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус кафегаар орж хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр, үйл ажиллагаатай танилцлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.