Нобелийн Энх тайвны шагналтан өнөөдөр тодорно

Нобелийн Энх тайвны шагналтан өнөөдөр тодорно

Норвегийн Нобелийн хороо өнөөдөр Осло хотноо энэ оны Нобелийн Энх тайвны шагналын эзнийг зарлана. Өнгөрсөн оны шагналыг Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед хүртсэн билээ. Түүнд "энх тайван тогтооход гаргасан хүчин чармайлт" болон олон улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, тэр дундаа хөрш Эритрей улстай хилийн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд идэвх санаачилгатай ажилласных нь төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон юм. 

Энх тайвны шагналыг Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу “ард түмнийг нэгдэн нягтрахад, цэрэг армийн тоог цөөрүүлэхэд, мөн энх тайвны чуулганыг зохион байгуулж, тэдгээрт дэлхийн нийтийн анхаарлыг хандуулахад хамгийн их амжилтад хүрсэн, эсвэл бусдаас илүү их зүйл хийсэн хүнд" олгодог. Бусад шагналаас ялгаатай нь энэ шагналыг Альфред Нобелийн гэрээслэн үлдээсний дагуу Стокхольмд бус харин Осло хотод гардуулдаг.  

Энэ жил 211 хүн, 107 байгууллага Энх тайвны шагналд нэр дэвшиж байгаа бөгөөд нийт 318 нэр дэвшигч өрсөлдөж байна. Энэ нь уг шагналын түүхэнд дөрөвдүгээрт бичигдэх үзүүлэлт бол 2016 онд хамгийн олон буюу 376 нэр дэвшигч өрсөлдөж байв.

Нэр дэвшигчдийн жагсаалтыг уламжлал ёсоор хатуу чанд нууцалдаг. Гэсэн хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жил бүр аль нэг нэр дэвшигчийн тухай мэдээллийг нэр дэвшүүлэх эрхтэй байгууллага, хүмүүсээс олж авдаг. Тэдгээрийн дотор Норвегийн Нобелийн хорооны хуучин ажилтнууд, одоо ажиллаж буй гишүүд, тэдний зөвлөхүүд, урьд өмнө нь Энх тайвны шагнал хүртсэн хүмүүс, парламентуудын гишүүд, түүх, философи, хууль зүй, теологийн чиглэлээр мэргэшсэн их сургуулийн багш нар байдаг аж.

Шагналыг хүртэж магадгүй нэр дэвшигчид

Энэ жилийн шагналыг Нью Йорк хотод төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах хороо ТББ-д өгөх магадлалтай гэж Норвегийн энх тайвны судалгааны хүрээлэнгийнхэн үзэж байна. Нобелийн Энх тайвны шагналыг хүртэх магадлалтай нэр дэвшигчдийн жагсаалтыг жил бүр гаргадаг тус байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар, энэ байгууллагыг сонгосноор "сэтгүүл зүй, үг хэлэх эрх чөлөө нь туйлын чухал болохыг олон улсын хамтын нийгэмлэгт харуулах дохио болно".

Тус хүрээлэнгийн жагсаалтад мөн Алексей Навальный, 2019 онд Суданд болсон засгийн газрын эсрэг ажиллагааны бэлгэдэл болох Алаа Салах, БНХАУ-ын нийгмийн зүтгэлтэн, уйгуруудын эрхийг хамгаалагч Илхам Тохти, Хонконгийн идэвхтэн Натан Лау нар багтжээ.

Үүний зэрэгцээ букмекер буюу мөрий тавьдаг цахим хуудсууд шагналтнуудын нэр дээр бооцоо хүлээн авч эхэлжээ. Бооцооны жагсаалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Шведийн байгаль хамгаалагч идэвхтэн Грета Тунберг, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн, НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан дээд комиссарын газар, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, "Хил хязгааргүй сурвалжлагчид" олон нийтийн байгууллага, “Black lives matter” хөдөлгөөн, мөн Амазоны индианчуудын удирдагч каяпо Раони Метуктире дээгүүр байр эзэлж байна.

Нобелийн Энх тайвны шагналыг 100 удаа гардуулж, 134 нэр дэвшигч хүртжээ. Хэдийгээр 1901 оноос хойш олгож байгаа боловч Дэлхийн нэг, хоёрдугаар дайн, хорооны гишүүдийн хоорондох санал зөрөлдөөн болон “уг шагналыг хүртэх эрхтэй нэр дэвшигч байхгүй байсантай” холбоотойгоор зарим жилд шагналын эзнийг тодруулаагүй байна. Хамгийн сүүлд 1972 онд ийм тохиолдол гарч байжээ.

Өнгөрсөн онд уг шагналыг 9 сая крон /одоогийн ханшаар 909 мянган ам.доллар/ дагалдсан байна. Энх тайвны шагналын эзэд шагналын мөнгөө ихэвчлэн буяны үйлст хандивладаг. Шагнал гардуулах ёслол Осло хотноо 12 дугаар сарын 10-нд уг шагналыг үндэслэгч Альфред Нобелийн таалал төгссөн өдөр болдог билээ. Энэ жил коронавирусний цар тахлын улмаас ёслолыг Осло хотын захиргаанаас их сургууль руу шилжүүлсэн байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.