Их харш жил тохиож байгаа хүмүүс анзааргагүй явж болохгүй
Төгсбуянтын зурхайн нарийвчилсан тооцооллоор нэг сар 29,53059 хоногтой учраас гурван жил тутамд нэг сар илүү гардаг
“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн өнгө хийгээд гарч буй жилийн засал номоо хэрхэн хийлгэх, засал номын утга учрын талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхантай ярилцлаа.
-Монголын цагаан сар Азийн орнуудын сар шинийн баяраас зөрүүтэй цаг хугацаанд болдогийн учрыг тайлбарлахгүй юу. Энэ жилийн хувьд ч Хятад болон Азийн бусад орнуудын сар шинийн баяр нэгдүгээр сард болсон. Шар зурхай, Төгсбуянтын зурхайн тооцооллын ялгаанаас үүдэлтэй гэдэг ч нарийн учрыг нь хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ?
-Энэ зөрүү гурван жил тутамд нэг гардаг. Тиймээс зарим хүмүүс гурван жил тутамд цагаан сараа тэдэнд хийнэ гэж маргадаг. Гэхдээ энэ жилийн хувьд цагаан сар зөрсөн нь Коронавирусын халдвар авахаас сэргийлсэн их сайн хэрэг боллоо, тиймүү.
Цагаан сар нэг сарын наана цаана болдог нь илүү сар тооцоолж гаргадагтай холбоотой. Аргын тоолол, билгийн тоолол гэсэн хоёр тоолол зэрэг явдаг зурхай бол Монгол Төгсбуянтын зурхай юм. Нарны тоолол /Аргын тоолол/ нь нар, дэлхий хоёрын харилцан хамаарал. Сарны тоолол буюу билгийн тоолол нь дэлхий, сар хоёрын хоорондын харилцан хамаарал. Дэлхийн дагуул сар шүү дээ. Аргын тооллоор нэг сар 30, 31 хоногтой байдаг бол билгийн тооллоор битүүн гээд 30 хоногоор тасалдаг. Бид билгийн тооллыг 30 хоногтой гэж боддог ч зурхайн нарийн тооцооллоор бол үнэндээ нэг сар 29,53 хоногтой байдаг. Бүр нарийн тооцооллоор 29,53059 гэж гарч ирдэг. Дэлхий тэнхлэгээ эргэх, сар дэлхийг нэг сар тойрох хугацаа нь энэ юм. Гэхдээ календарь дээр 30 хоногоороо л явдаг.
Билгийн тоолол дээр өдөр тасардаг, давхацдаг тохиолдол байдаг. Шинийн 5, 6 гэж байснаа шинийн долоон байхгүй, шууд шинийн найман болдог. Эсвэл өдөр давхацдаг. Энэ жил хаврын тэргүүн сарын шинийн найман хоёр байгаа. Энэ нь сар, дэлхий хоёрын харилцан хамааралтай холбоотой. Дэлхий бөөрөнхий биш, өөрөөр хэлбэл тэгш хэлбэртэй биш, дэлхий сарны хоорондын тойрог хөдөлгөөн ч тэгш хэмтэй биш. Тойрог хөдөлгөөнөөр нэг өдөр туулах байсан замыг хоёр өдөр туулдаг. Энэ тохиолдолд өдөр давхарддаг. Дэлхий нь сарны тойрог хөдөлгөөнөөр нэг өдөр туулах замыг тал өдөр туулсанаар тэр өдөр тасраад алга болдог. Үүнийг тооцоолсноор өдөр тасардаг асуудал гарч ирж байгаа юм.
Нэг сар 29,53059 хоногтой юм бол нэг жил нь 354,3671 хоногтой гэсэн үг. Аргын буюу нарны тооллоор жилийг 365,2424 хоногтой гэж үздэг. Үүнээс 354,3671 хоногоо хасахаар 10,8751 гэсэн тоо гарч ирж байгаа юм. Үүнийг барагцаалвал 10,8 хоног нэг жилд илүү гардаг гэсэн үг. Энэ илүү гарч байгаа 10,8 хоног нь гурван жил тутамд нэг сар илүү гарах үндэслэл нь болдог. Төгсбуянтын шинэ зурхай нь асар нарийн тооцоололтой. Тиймээс Хятадын шар зурхайгаас зөрдөг юм.
-“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн онцлог нь юу вэ?
-Зурхайн шүн ном дээр 60 жилийн нэршлээр үрийг тодорхой гаргасан байдаг. Энэ 17-р жарны эхлэл нь “Сайтар гарсан” гал туулай жил, төгсгөл нь “Барагдагч” хэмээх гал барс жил юм. Энэ жил “Хотол төгс” хэмээгч төмөр хулгана жилд хур бороо орох боловч хэсэгчлэн орно, тариа ногоо ховор, ургах нь муу, ган зуд болох магадлалтай гэж бий. Шороон үхрийн зурлагыг харахад жаахан хямрал тэмцэл ихтэй харагдаж байна. Тиймээс хөдөө аж ахуй эрхлэгч, тариаланчид гэх мэт байгаль цаг уураас хамааралтай ажил үйлс эрхэлдэг хүмүүс үүнийг анхаарах хэрэгтэй. Ер нь энэ жаран жилийн үрийг харж ажил төрөлдөө уялдуулж явдаг байх хэрэгтэй гэж боддог.
-Шороон үхрийн зурлагыг хаанаас гаргаад ирчихсэн юм, жил болгон зурдаг уу, жаран жилийн үр шиг урьдчилаад зураад тавьчихдаг юм уу гэж асуух хүмүүс бий байх. Үнэндээ зурхайчид шороон үхрийн зурлагыг харвал ийм байна гэж хэлдгээс биш, энэ зурлагын талаар сайн тайлбарлаж хэлдэггүй шүү дээ?
-Зурхайн шүн номыг хөтлүүлсэн зурхайч хүн энэхүү зурлагыг жил болгоны календарийн тооцоолол дээр хаврын уур орох өдрийг шинжээд гаргадаг. Шороон үхрийн зурлага нь Төгсбуянтын зурхайд бий. Үхрийн толгой, омруу, дөрвөн шийр, их биеэр нь жилийн эхэнд, дунд, адагт гантай, хуртай байхыг, үхэр хариулагч нь хөгшин, залуу, идэр хүн байна уу, тайван явна уу, сандруу явна уу гэдгээс тухайн ард иргэдийн нийгэм байдлыг шинждэг. Үхэр хариулагч нь гутлаа тайлсан, өмссөн эсэхээс хур бороо элбэгтэй байна уу гэдгийг шинжиж гаргадаг тодорхой горим бий. Энэ жилийн шороон үхрийн шинж нь жилийн эхээр цастай, дундуур гандуу бусад цагтаа хуртай, тариа ногоо гарах газартаа гарна, нялхаст ээлтэй, настан болон залууст ширүүн, малд харш байж болзошгүй байна.
-Энэ жил ямар жилтэй хүмүүс онцгойлон засалтай байна?
-Манай Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, хийдэд өвдөж зовсон, асуудал тулгарсан хүмүүс их ирдэг. Манба Дацан Нэгдсэн эмнэлэг дээр хүнд өвчтэй хүмүүс ирээд судсаа чагнуулж оношилгоо, эмчилгээ хийлгэдэг. Эмч нар маань зурхайн хэмнэлтэй холбоотой, эсвэл гүрэм заслын эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүмүүсийг бидэнд илгээж зурхайн нарийн зурлага зуруулдаг. Бид эдгээр хүмүүсийг үзэж, шинжихдээ гараг эрхэсийн нөлөөлөл хэрхэн нөлөөлж байгаа, мөн тэрхүү нөлөөллийнхөө засал номоо хийлгэсэн эсэхийг хардаг. Ингээд үзэхээр аливаа нэг өвчин зовлон, асуудал ганцхан шалтгаанаас үүсдэггүй, дор хаяж дөрөв, таван шалтгаантай байдаг. Гэтэл үүнийг хүмүүс ойлгохгүй, ганц шалтгаан хайгаад явдаг. Гараг эрхэсийн нөлөөлөл, тухайн хүний хийсэн үйл, явдал мөрөөс шалтгаалах нөлөөллүүд гээд тэр олон шалтгааныг байхгүй болгож, дарж байж тухайн хүний өвчин, аливаа асуудал арилна гэж би боддог, бас хэлдэг. Юун түрүүнд хүмүүс үүнийг нийтээрээ ойлгох хэрэгтэй.
Гараг эрхэсийн хүнд нөлөөлдөг нөлөөллүүд яг байна. Би зурхайн ухаан судлалаар мэргэжил эзэмшсэн лам хүн. Бурхан багш бээр: “Алтыг шинжилдэг шиг шинжлээд миний шашинд ороорой” хэмээн айлдсан байдаг. Тийм учраас гараг эрхэсийн нөлөөлөл, жилийн засал ном хүнд яаж нөлөөлж буйг би өдөр тутам хүмүүст зурхайн зурлага хийж байх явцдаа судлаачийн байр сууринаас таньж, судлаж, тодорхой дүгнэлт хийж байдаг. Тухайн гараг эрхэсийн болон жилийн нөлөөлөл, шинжүүд тэр хүмүүст илэрч байгааг нотлож мэдсэний үндсэн дээр би өөрөө зурхайн ухааны энэхүү нарийн онол, гарын авлагад итгэл үнэмшилтэй ханддаг болсон. Буддын ухааны нэг салбар болох зурхайн ухааныг зүгээр л аар саар мэргэ төлөг төдийгөөр бодож болохгүй.
Юун түрүүнд жил орж байгаа хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй. 1, 13, 25, 37, 49, 61, 73, 85 насан дээр жил ордог. Эдгээр нас нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Нэг насан дээрээ хүн төрдөг учраас амьдрах уу, үхэх үү гэдэг нь шийдэгддэг нас. 13-ны жил тохиолдохоор хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тэр нь газар лустай хамааралтай. Тиймээс 13-ны жил орж байгаа хүүхдийг догшин газар, найр хуримд дагуулж явахгүй байх, эрүүл мэндийг нь анхаарах хэрэгтэй. 25-ны жил орж байгаа хүн яг сургуулиа төгсөөд ажилд орох гээд байр сууриа олоогүй явдаг. 25-ны жилийг зурхайн ном дээр “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг тийм орон гаран байдаг жил. 37-ны жил чанга жил. 37-ны жил дээр бие өвдөх, гарз гарах шинж илэрдэг. Мөн энэ жил дээр мэнгэ голлодог учраас хатуу талдаа. 49-ний жилийг зурхайн ном дээр “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөтөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. 61-ний жил нь нэг настай хүнтэй адилхан. Тиймээс үхэх үү, амьдрах уу гэдэг нь шийдэгдэх учраас амь насны тал дээр анхаарч Цэнд зэрэг амь насны номыг уншуулж байх хэрэгтэй. 73-ны жил нь 13-ны жилтэй, 85-ны жил нь 25-ны жилтэй ижил байдалтай байна.
-Урвасан жилийн үр хүнд хамгийн их нөлөөлдөг гэдэг. Энэ нь ямар учиртай вэ?
-Урвасан жил нь огторгуйн үүд нээгдэх, гарзын үүд нээгдэх, яс тасрахын үүд нээгдэх, хагацахын үүд нээгдэх, үгүйрлийн үүд нээгдэх, олзны үүд нээгдэх юм. Хагацахын үүд нээгдсэн хүмүүсээс “Уур чинь хүрч байна уу” гэж асуудаг. Тэр хүмүүс уур хүрч байна, ууртай байна гээд чин үнэнээ хэлдэг. Тэдгээр хүмүүст би “Таны уурын үүд нээгдчихэж” гэж хэлдэг. Би үүнийг “Уурын үүд” гээд нэрлэчихсэн. Хүмүүс “Хагацахын үүд” гэхээр их айдаг. Үхэж хагацах юм болов уу, хэнээс хагацах гээд байгаа юм бол гэдэг. Хүн уурлахаараа хамгийн ойр дотны хүнээсээ холдож салдаг шүү дээ, түүнийг л хагацахын үүд гээд байгаа юм. Хагацахын үүд буюу уурын үүд нь нээгдсэн хүмүүст хагацахын үүдийг хаалгах Дашдондов, Доржнамжил, Алтангэрэл гэсэн гурван номыг уншуулахаас гадна өөрөө сахиж явах хоёр зүйлийг хэлж өгдөг. Энэ нь нэгдүгээрт, тухайн хүн өөрөө хэл ам, хэрүүл тэмцлээс хол явах, хоёрдугаарт, өрөөл бусдын хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж явах хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг сахихгүй бол тухайн хэл амны нөлөө тэр хүнд гай үсэрч байгаа юм шиг нөлөөлдгийг би мэдсэн. Тиймээс хүн аливаа засал ном хийлгэсэн ч өөрөө сахих зүйлийг мөрдөж дагахгүй бол засал ном хийлгэсний хэрэг гардаггүй. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусдаггүй нь нарны буруу биш агуйн буруу шүү дээ.
Үгүйрлийн үүд буюу гарзын үүд нээгдвэл эд баялаг тогтохгүй, сэтгэл санаа тавгүй болдог. Гарзын үүдийг хаах засал ном нь Дашдондов, Дашзэвэг, Сахиусны ганшиг. Хамгийн сайн үүд нь олзны үүд. Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг. Яс тасрахын үүд нээгдвэл хэл аманд орох талтай. Газрын үүд нээгдвэл газар лусын үйлээс болгоомжлох хэрэгтэй. Огторгуйн үүд нээгдсэн хүн уул хад, өндөр зүйл дээр гарахыг цээрлэхээс гадна нохой шинээр авч тэжээж болдоггүй. Үүнийг анхаарах хэрэгтэй.
-33-ны мөчлөг тохиосон хүмүүс засал ном сайн хийлгэхээс гадна ээжтэйгээ хүзүүний мах хувааж иддэг, өлгийдүүлдэг гээд л янз бүрийн домын тухай ярьдаг. Энэ нь хэр ул үндэстэй вэ. 33-ны мөчлөг нь ямар учиртай вэ?
-Эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг. Харин жил орж байсан мөчлөгүүдийг харахад эрэгтэй хүн 13 насан дээрээ ус, эмэгтэй нь гал дээр суудаг. Тэгэхээр суудлаа сэлгэх болон суудал дээрээ суух үед хатуу нөлөөлөлтэй байдаг. Энэ 33-ны мөчлөг буюу эхийн хий нь суудлын гүймигтэй давхцдаг. Насны болон суудлын гэсэн хоёр төрлийн гүймиг байна. 9 насны мөчлөгтэй 1, 9, 18, 27, 36, 45, 54, 63 гэх мэтчилэн насанд насны гүймигийн заслыг хийлгэх ёстой. Суудлын гүймиг нь эрэгтэй хүн гал, эмэгтэй хүн усан суудал дээр сууж байгаа энэ мөчлөгийг хэлж байгаа юм.
33-ны мөчлөгийн үед таны хэлсэнчлэн ээжтэйгээ хүзүүний мах хувааж идэх, өлгийдүүлэх гэх зэрэг хаанаас гарсан нь тодорхойгүй дом засал хийлгэнэ гэсэн хүмүүс их байдаг. Гэхдээ миний мэдэх зурхайн номонд лав ийм зүйл байхгүй. Тиймээс би энэ талаар мэдэхгүй гэж хэлдэг. Харин суудлын гүймигийн заслаа сайн хийлгэ, ээжийгээ баярлуулаад үнсүүлэх нь зөв гэж зөвлөдөг. Тэгж зөвлөхөөр хүмүүс их гайхдаг л даа. Ном асуух гэж ирсэн чинь ээжийгээ баярлуул гэж хэлдэг ямар сонин юм бэ гэдэг. Хүмүүс айдас, сэжиг ихтэй. 33-ны мөчлөг орох гэж байна, орж байна, заслаа хийлгэхгүй бол болохгүй гэнээ гээд ирдэг. 33-ны мөчлөгийн хамгийн том засал нь ээжийгээ баярлуулах юм шүү дээ. Хөхүүл хүүхэдтэй эх хүн горьдчихоор ямар ч эмнэлэг, ямар ч мундаг ном горьдоог нь гаргаж дийлдэггүй. Харин горьдоог нь гаргасан хойно сэтгэлзүйн хувьд сайхан болоод хөх нь чинэрч зовиурлаж байсан маш хүнд эмгэг нь эдгэчихдэг шүү дээ. Энэ сонин хэрэг шүү. Үүнийг одоо болтол шинжлэх ухаан тайлбарлаагүй байна. Түүнтэй адил ээжийгээ баярлуулж чадвал илүү сайн. Энэ бол хамгийн том засал. 33-ны мөчлөг нь энэ жил 1988 онд төрсөн луу жилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүст тохиож байгаа. Энэ хүмүүс бусад засал номоо хийлгэхээс гадна суудлын гүймигийн заслыг анхаарч хийлгэж, ээжийгээ л баярлуулаарай.
-Харш жилийн заслуудаа хийлгэхгүй, тоохгүй явах нь маш эрсдэлтэй гэж уншиж байсан юм байна?
-Ирж буй төмөр хулгана жилд морь жилтэй хүмүүст их харш жил тохиож байна. Их харш жил аюултай. Их харш жил тохиож байгаа хүмүүс засал номоо хийлгэхгүй, анзааргагүй явж болохгүй. Их харш жил тохиосноор амь насны зэтгэр хөдөлдөг учир их хатуу жил болдог. Их харш жилд хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, ажил үйлс бүтэхгүй болох нь энүүхэнд тул хийморь сүлдийг сайн байлгах, сүлд дуудуулахад шамдах хэрэгтэй. Жанцанзэмүбүнжин, Цагаан шүхэрт, Банзрагч зэрэг номыг уншуулж, Хийморийн дарцаг хийсгэвэл сайн.
Тахиа, туулай жилтэй хүмүүст бага харш жил гарч байна. Бага харш жилд ажил үйлс саадтай байдаг. Тиймээс Ногоон Дарь-Эх, Цагаан Дарь-Эх, Жадамба уншуулж байх хэрэгтэй. Туулай жилтнүүдэд бага харш жил дээр нэмээд Логор буюу цагаан жил гарч байна. Энэ их чухал жил. Өнгөрч буй гахай жилд нохой жилтэй хүмүүст логор тохиосон. Ирж буй хулгана жилд туулай жилтэй хүмүүст тохиож байна. Зурхайн шүн дээр “Хулганыг туулай хөөнө” гэж байдаг учраас хулгана жил огторгуйд гарахад туулай жилтэй хүмүүсийн сэтгэл санаа тавгүйрхэх, бие өвдөх, санаа зовоосон асуудлууд гарч ирэхээс сэрэмжилж, Их Манла буюу Манлын чого номыг уншуулах хэрэгтэй. Сэтгэл санаагаа тайван байлгаж, эрүүл мэндээ анхаар. Энэ жил туулай жилтнүүдэд нэлээн эвгүй жил болох талтай тул хянамгай байх хэрэгтэй.
-Тухайн жилийн суудлын үр, цээр, засал их чухал санагддаг. Суудлын заслуудаас онцлох нь юу вэ?
-Суудал салгах заслын талаар хүмүүс буруу ойлголттой байдаг. Аав охин, аав хүү, эсвэл хоёр хүүхэд нь нэг суудал дээр суусныг суудал нэгдсэн гэж яриад байдаг. Зурхайн шүн дээр эхнэр, нөхөр хоёр адилхан суудал дээр суух юм бол салгуулдаг. Эхнэр, нөхөр хоёр нэг суудалд суухаар эд баялаг, мөнгө төгрөг тогтдоггүй. Тиймээс суудал салгуулах засал хийлгэх хэрэгтэй.
Төмөр суудал дээр суусан хүмүүс анхаарууштай. Төмөр суудал их хатуу. Хэл аманд орох, бие өвдөх, ялих шалихгүй юманд бэртэж гэмтэх гээд байдаг. Төмөр суудалд суусан бага насны хүүхдүүдийг голчлон анхаарах хэрэгтэй. Энэ жил нохой, хулгана жилтэй хүүхдүүд төмөр суудалд сууж байгаа. Насанд хүрсэн хүмүүс ч мөн адил анхаарч, төмөр зүйл шинээр авах, хэл аманд орохоос сэрэмжилж, мэсний хариулга гэдэг заслыг сайн хийлгэх хэрэгтэй.
Мөн суудлын өнцөг гэж чухал зүйл байна. Суудлын өнцгийн заслыг заавал хийлгэх хэрэгтэй. Шороо, огторгуй, уул, хий гэсэн дөрвөн суудалд суусан хүмүүс суудлын өнцгийн заслыг хийлгэж, суудлынхаа цээрлэх зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Суудлын өнцгийн нөлөөлөл нь жаахан хатуу байдаг. Шороонд суусан хүн газар лусын үйл үйлдэж болохгүй, огторгуйд суусан хүн өндөр юман дээр гарах, нохой тэжээх, хэл аманд өртөхөөс сэрэмжлэх, ууланд суусан хүн ууланд гарах, өндөр ууланд зорьж явах хэрэггүй. Хий суудалд суухаар барцад саад гараад байдаг.
-Жилийн засал болон онцгой засал номыг ямар давтамжтай хийлгэх хэрэгтэй вэ?
-Жил орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш, логор жил гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулвал сайн. Яагаад гэвэл хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах гэж байгаа учраас олон уншуулах тусмаа л сайн. Ер нь жилийн засал номоо жилийн эхээр юмуу, эсвэл 12 дугаар сарын сүүлээр ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа энэ үед их хийлгэдэг.
Хүмүүс сонин, интернэтээс хараад засал номоо хийлгэхээс илүүтэй зурхайчид үзүүлж, гэр бүлийн гишүүн бүр тухайн жилд юуг анхаарч, юу хийж болох, болохгүйгээ мэдэж авч, ямар засал номыг ямар давтамжтайгаар хийлгэхээ мэдэж, ойлгох хэрэгтэй. Зурхайчид хандалгүй заслаа хийлгэсэн, эсвэл өөрөө заслаа хийлгээгүй, эмээ, өвөө юмуу эхнэр, нөхөр нь өмнөөс нь ном уншуулчихсан хүмүүс жилийн дундуур юмуу, сүүлээр асуудал тулгараад ирдэг. Засал номонд ингэж хөнгөн хандаж болохгүй. Жилд нэг удаа хийлгэж байгаа жилийнхээ засал номыг хийлгэхдээ хүмүүс чухалчлах ёстой. Үүнийг үл тоомсорлосон, ээж аавдаа найддаг хүмүүс элдэв барцад саад, асуудал үүсээд ирдэг нь олонтаа. Мөн жилийн заслаас гадна нууц жилийн харш, мэнгэ, махбодын таарамж тохиромж муу мөртлөө нэг гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс тухайн харшийнхаа заслыг жилд нэг удаа хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдүүдийнхээ дэмбэрэл буюу төөргийн зурхайг зуруулж, билгийн насаар хэд хэдэн насан дээр нь барцад саадтай байгаа нь урьдчилан танин мэдэж, зан чанараа анхааран засч, засал ном дээрээ нэмж уншуулах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Та сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.