“COVID-19”-ын эсрэг хэрэгцээтэй зүйлээр дэмжин туслахаа илэрхийлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзах үеэр, АНУ-ын талаас коронавирусний халдварын эсрэг хэрэгцээ шаардлагатай зүйлээр дэмжиж туслахаа илэрхийллээ.
Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, дэлхийн олон улсад тархаад байгаа коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэхэд салбар яам хэрхэн ажиллаж байгаа талаар санал солилцов.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон томуугийн өвчлөлийн талаар танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ, хоёр улсын байгуулж байсан гэрээний хүрээнд эрүүл мэндийн салбарт олон ажил хийсэн байдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, халдварт бус өвчний эрт илрүүлэг, томуугийн вакцин зэрэг олон чиглэлд хамтран ажиллаж, үр дүнгээ өгч байгааг онцолсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.