С.Саадэлэг: Аймагтаа хуулийн дээд боловсрол эзэмшсэн анхны мэргэжилтэн байлаа

С.Саадэлэг: Аймагтаа хуулийн дээд боловсрол эзэмшсэн анхны мэргэжилтэн байлаа

Орхон/МОНЦАМЭ/ “Гэрийнхээ хойморт аав налайж суух сайхан. Ээж гаднаас орж ирэх нь бүр сайхан” гэсэн уриаг манай таван өрх, айл мөрдөж амьдардаг.  Хүний амьдралд ажил, эрдэм мэдлэг чухал ч эр нөхөр, ханиа хүндлэх, хайрлах нь юу, юунаас илүү чухал гэж би хувьдаа боддог. Тиймээс хүргэн, хүүгээ гэрийхнээ хойморт байнга сууж бай гэж захидаг гэснээр бид хоёрын ярилцлага эхэллээ. Хүүхдийн байцаагчаас Цагдаагийн газрын дарга,  Шүүхийн шижилгээний газрын дарга гээд хууль, цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласан Цагдаагийн хурандаа С.Саадэлэгтэй ярилцлаа.

-Таныг Баянхонгор аймагт хуулийн дээд боловсрол эзэмшсэн анхны мэргэжилтэн гэж сонссон. Ажлын гараагаа эхэлж байсан дурсамжаасаа хуваалцах уу?

-Би Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул. Нутагтаа 10 жилийн сургуулиа төгсөөд Цэргийн ерөнхий дээд сургуулийг төгсөөд аймагтаа ирж байлаа.

Тухайн үед хуулийн дээд сургууль төгссөн анхны мэргэжилтэн нь байв. Хүүхдийн байцаагчаас мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад аймгийнхаа Цагдаагийн газрын даргаар ажилласан.

Ажилд ороод таван жилийн дараа буюу 26 насандаа Цагдаагийн дарга болсон. Ажиллахын хажуугаар Улс төрийн боловсролын академи, ОХУ-д Удирдлагын академи төгссөн.

-Та Эрдэнэтэд хотод хэдэн онд ирсэн бэ?

-1983 онд Цагдаагийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ирсэн. Эрдэнэт хотынхоо хуулийн байгууллагад нийт 36 жил ажиллалаа.

Гэхдээ дунд нь Улсын Мөрдөн байцаах газарт орлогч даргаар дөрвөн жил ажилласан. Бусад цаг хугацаагаа Эрдэнэтэд өнгөрөөлөө. Хамгийн сүүлд Шүүх, шинжилгээний албаны даргаар 2009-2015 он буюу таван жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

-Хүмүүс таны тухай ярихдаа ээжийн тань тухай их дурсаж ярьдаг юм билээ. Их сайхан зантай, өгөөмөр хүн байсан гэж?

-Тэгэлгүй яахав. Миний ээж хүний дээд байсан юм. Норовын Далай гэдэг. 94 насандаа бурхан болсон. Би эхээс наймуулаа. Дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй. Бүгд л Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байна.

Ээж маань нь ч энд амьдардаг байсан. Гурван жилийн өмнө өөд болсон. Ээжийн гэрээр хүн тасрахгүй, зочин ихтэй байдагсан. Хавийн хүн цугласан тийм л айл байлаа. Манай нутгийнхан ч  орж гардаг. Өглөгийн эзэн гэж авгайлж, хүндэлдэг байсан.

-Багадаа ээжийнхээ чихийг хэр “халууцуулдаг” хүүхэд  байв? Найман хүүхэд бужигнаад дүрсгүйтдэг байсан байх?

-Тэр үеийн хүүхдүүд хүмүүжилтэй байсан. Би бусдаас ялгараад байх зүйлгүй жирийн л хүүхэд байлаа. /инээв/ Гэхдээ алдсан малыг хурдан олдог  байсан.

Түлээнд явсан ч гайгүй сайныг нь олчихдог. Нэг тийм бүтэмжтэй хүн байдаг даа. Бүх зүйл нь бүтэж, дээшилж явдаг. Тийм л байсан. Манай нутгийхан ч хэлдэг байлаа.

Би сумандаа Б.Зундуйн хээр морийг унаж гурван жил дараалан наадамд түрүүлж байв. Манай ээжийн төрсөн ах Түндэвийн эрлийз тэмээг унаж мөн л хоёр жил дараалан түрүүлж байлаа. Энэ бүхэн эр хүний хийморьт нөлөөлсөн гэж би  боддог.

Би энгийн жирийн малчны, хөл нүцгэн хонь мал хариулсан л хүүхэд байлаа. Сурлагаар ч сайн байгаагүй ээ. Ер нь хүний амьдралд эрдэм мэдлэг гэхээсээ хувь тавилан нь нөлөөлдөг гэж боддог. Ямар замаар замнах нь тухайн хүний л хувь тавилан.

-Хүний хувь тавилан, үйлийн үр л биднийг “залдаг” гэж боддог?

-Дөрөв, найм, аравдугаар ангиа байнга алтан медальтай төгссөн хэрнээ амьдралд хэцүү явж байгаа зөндөө хүн байдаг. Гэтэл “дундхан” сурлагатай хүн яаж амьдарч байгааг харьцуулж харж байна.

Ер нь би цагдаагийн байгууллага гэдгийг мэддэг ч үгүй, сонирхдог ч үгүй хүүхэд байлаа. Гуравдугаар ангид байхад хэсгийн төлөөлөгч  нэг ах миний амьдарч байсан айлд  ирэв.

Тэгэхэд тэр хүн ахынд хонохдоо цоож, түлхүүр, гар буугаа дэрэн доороо хийгээд хэвтээд өглөө. Цэрэндоо гэдэг хэсгийн төлөөлөгч байсан юм билээ. Тэрнийг хараад ямар аймшигтай юм бэ гээд дотроо эмээж билээ. Тэмээгээ унаад дөрвөн сум хариуцаж ажилладаг байж л дээ. Оройтчихоод манай ахынд ирсэн нь тэр  байж.

-Хүний мэргэжил сонголтод зан чанар их нөлөөлдөг. Магадгүй таны зан чанар мэргэжил сонголтод чинь нөлөөлсөн ч юм билүү?

-Магадгүй л юм. Би багадаа алдсан малыг маш сайн олдог хүүхэд байсан.

-Та яаж олдог байсан юм?

-Мэдэхгүй. Явж байгаад л олчихдог байсан. /инээв/. Түлээнд явахдаа хамгийн томыг нь олоод ирдэг. Ээж маань хэлдэг байсан. Нягт, нямбай, их гярхай хүүхэд шүү гэж.

-Цагдаагийн байгууллагаас хүүхдийн байцаагчийн ажил хэцүү санагддаг. Хүүхдүүдийг яриулах, тэднийг алдаж эндэхээс нь сэргийлэх, ойлгуулах гээд. Зарим хүүхэд  томчуудаас ч илүү ухаалаг, хэрсүү, хэцүү байдаг. Хүүхэд бүрийн зан чанарт тохируулж харьцана гэдэг хэцүү биз?

-Хүүхдүүд хөөрхөн шүү дээ. Саваагүйтэж, сонирхож янз бүрийн алдаа гаргадаг. Сахилгагүйтсэн хүүхдийг дуудаад, за чамайг торгоно шүү гэхэд, ээжийг торгочих гэх жишээний.

- Нийгмийн шилжилтийн үед хууль, цагдаагийн байгууллагад гарсан өөрчлөлтийн талаар яриач?

-Мөрдөн байцаах ажлын хувьд л гэхэд өөрийн ойр, тойрныхынхоо эсрэг мэдүүлэг өгөхийг хориглочихсон. Өмнө нь ээжийг нь хүчээр байцааж байгаад хүүхдийнх нь талаар хэлүүлдэг байлаа. Өмгөөлөгч ч үгүй байцаана. Бас шүүгчгүйгээр цагдааг г хорьж, шалгадаг байв. Одоо прокурор, шүүгч гээд хэд, хэдэн шат дамжлагыг давж хорьдог болсон. Гэхдээ үйл явц, зохион байгуулалтын хувьд шинэчлэгдсэн ч зарчим нь өөрчлөгдөөгүй.

Намайг ажиллаж байх үед хэрэг илрүүлэлтийн үндсэн арга нь цагдан хорих, байцаах байлаа. Тийм ч учраас мөрдөн байцаагч гэдэг байсан. Одоо бол нотлох баримтаар шинжлэх ухааны техникийг ашиглан эд мөрийн баримтаар хөдөлгөөнгүй илрүүлэх хууль, зарчим үйлчилж байна.

Тийм учраас мөрдөгч гэж нэрлэдэг болсон.  Иймд хүүхдийн эрх хамгаалагч биш Хүүхдийн байцаагч, автын байцаагч гэж ярьдаг байлаа. Хэргийг илрүүлэхдээ байцаадаг байсан учир л ингэж нэрлэж байгаа юм.

Одоо бол мөрдөн байцаагч биш мөрдөгч гэж ярьж байгааг анзаарах хэрэгтэй шүү. Хүмүүс үүнийг анзаардаггүй юм билээ. Авто тэйврийн байцаагчийг одоо автын зохицуулагч гэж хэлж байгаа. Энэ мэтчилэн хууль, эрх зүйн салбарт олон өөрчлөлт гарсан.

-Танай ээж, аав нутагтаа юу хийдэг байв?

-Хоёулаа малчин байсан. Манай аав урт насалсан бол Хөдөлмөрийн баатар болох байв. Их хөдөлмөрч хүн байсан. Одоо манай аавын нэртэй худаг бий. Аавын чулуугаар барьсан хороо, хэд, хэдэн өвөлжөө ч бий. Бичигтийн өвөлжөө гэх мэт. Хавхаастай худаг гээд нутгийн иргэд сайн мэднэ.

-Эрдэнэт хотод Баянхонгор нутгийн зөвлөлийг үүсгэн байгуулцсан хүний нэг нь таныг гэж хэлж байсан?

-Нутгийн зөвлөл байгуулагдаад бараг 30 жил болох гэж байна. Анхны дарга нь Монгол Улсын гавьяат барилгачин Д.Жадамбаа байсан.

Бууцагаан сумынх. Аймгийн Засаг даргын орлогч, Ерөнхий архитектор ажиллаж байв.Манай Баянхонгорт ган, зуд их болно. Тэр үед нутгийн дэмжлэгийг үзүүлэх зайлшгүй шаардлага гарсан учир би хувьдаа их дэмжиж байсан.

Жишээ нь 2001 онд албан байгууллагууд цалингаа өгч чадахгүй болж, нийгэм ороо бусгаа болсон цаг үед манай нутагт зуд болж байдал хүндэрсэн. Тэр үед нутгийн зөвлөлийнхөн Эрдэнэт үйлдвэр, аймагт хандаж мөнгө, амин дэм гээд хэрэгтэй зүйлсийг цуглуулж Баянхонгор аймгийн Жаргалант суманд хүргэж байлаа.

Морьтой хүн ч  зорчих боломжгүй тийм их цас орсон байв. Иймд бид чаргаар явж хүмүүст хандив, тусламж хүргэж өгч байсан. Ер нь манай Эрдэнэт хот дахь Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл бол их нэр хүндтэй, зорилго, чиглэлтэй сайн ажилладаг. Нутгийн зөвлөлийн залуу гишүүд, тэргүүлэгчиддээ цаашдын ажилд нь амжилт хүсье. Баянхонгор нутгийн зон олондоо эрүүл энхийг хүсэн ерөөе.

-Танд амжилт хүсье. Баярлалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.