Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ.

Нэмэлт өөрчлөлтөд улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах талаар тусгасан байна.

Тодруулбал, Монгол Улс визийн ангиллыг хуулиар хатуу тогтоож өгсөн байдаг нь цаг үеийн шаардлага, олон улсын нөхцөл байдалд нийцүүлэн визийн шинэ ангилал нэмэх, өөрчлөх зэрэг зохицуулалт хийх боломжгүйд хүргэдэг. Иймээс визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлэх үүднээс визийн ангиллыг хуулиар хатуу тогтоож байгааг өөрчлөн виз олгох журмын дагуу Засгийн газар тогтоодог байхаар өөрчлөлт оруулсан. Ингэснээр олон улсын хэрэгцээ, шаардлага, нөхцөл байдалд тохируулан Засгийн газрын түвшинд визийн асуудлыг хурдан шуурхай, уян хатан шийдвэрийг цаг алдалгүй гаргах ач холбогдолтой юм байна.  

Визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог байдлыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох эрх зүйн үндсийг төсөлд тусгажээ.

Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгаж, үүрэгжүүлсэн байна.

Гадаад улс орнууд виз мэдүүлэх үйл ажиллагаатай холбоотой визийн материалын бүрдлийг хянах, зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг техникийн чанартай ажиллагааг визийн төв буюу хувийн хэвшлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх чиг хандлагыг баримталж байгаа бөгөөд манай улсын хувьд ч мөн Монгол Улсын визийг олон тоогоор мэдүүлдэг улс орнуудад визийн төв ажиллуулах зохицуулалтыг хуульд тусгасан байна.

Энэ нь гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын иргэдэд хүргэх үйлчилгээг ойртуулах, виз олгохтой холбоотой хууль бус дундын зуучлалыг багасгах, дипломат төлөөлөгчийн газруудын ачааллыг бууруулах, визийн мэдүүлэгт тавих хяналтыг сайжруулах зэрэг ач холбогдолтой аж.

Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй хүн тус улсаас гарах бүрдээ “гарах-орох” зориулалтын визийг авч байгаа нь гадаадын иргэдэд хүндрэл чирэгдэл бий болгодог, түүнчлэн энэ талаар Олон улсын иргэний агаарын тээврийн Чикагогийн конвенцын 9 дүгээр хавсралтад гишүүн улс орнууд оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг “гарах-орох” виз олгохоос татгалзах талаар зөвлөмжийг өгсөн байна. Иймд “гарах-орох” гэсэн зориулалтын визийг халах зохицуулалт хуулийн төсөлд тусгажээ.

Мөн Гадаадын иргэний асуудлаар үүрэг хүлээж буй төрийн байгууллагууд нь өөр өөрийн мэдээлийн санг ашиглаж, харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаа дутмаг тул Монгол Улсад орох эрхгүй этгээдэд хилийн чанадад суугаа ДТГ-ууд виз олгох явдал гарсаар байна. Иймд визийн мэдээлийн нэгдсэн санд хилийн чанадад суугаа ДТГ-ыг холбох, виз олгох эрх бүхий байгууллагууд нэгдсэн сан ашиглах талаар тусгасан байна.

Түүнчлэн Гадаадын иргэнийг албадан гаргахаас чөлөөлөх зохицуулалт одоогоор байхгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд албадан гаргахаас чөлөөлдөг байхаар зохицуулж, мөн иргэний журмаар шүүхэд гомдол гаргасан бол шүүгчийн шийдвэрээр албадан гаргах ажиллагааг түдгэлзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хуульд бий болгох шаардлагатай байна гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.