Малын мах кг тутамдаа 2200-3500 төгрөгөөр нэмэгдэж хэрэглэгчийн гарт хүрч байна

Малын мах кг тутамдаа 2200-3500 төгрөгөөр нэмэгдэж хэрэглэгчийн гарт хүрч байна

Малын мах хэрэглэгчдийн гар дээр ирэхдээ 5-6 шат дамжиж, 1 кг тутамд 2200-3500 төгрөгөөр нэмэгдэж байгаа тухай ШӨХТГ-аас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 


Тодруулбал, малчид малын махаа нядалгааны газарт өгч, тэндээс нь “Чейнж-1” бөөндөж аваад “Хүчит шонхор” зах руу дараагийн “Чейнж-2”-т борлуулдаг байна.  “Чейнж-2” худалдаж авсан махаа портер машинд ачаад павильоны чейнжид буюу “Чейнж-3”-т борлуулна. Ингээд “Чейнж-3” нь жижиглэнгийн худалдаачдад буюу “Чейнж-4”-т махаа борлуулснаар дараагийн шатанд зах худалдааны төвүүдийн “Чейнж-5”-т  борлуулж эцэст нь хэрэглэгчийн гар дээр очдог байна. Энэ нь махны үнийг нэмэгдэх гол шалтгаан болдог аж.

Хэрэглэгчийн эрх ашгийг хөндөгддөг бас нэг асуудал нь махны хадгалалт, тээвэрлэлтийн ариун цэврийн байдал юм. МЕХГ-аас Эмээлт, Налайх дахь уламжлалт аргаар мал төхөөрч байгаа зургаан үйлдвэр, мах боловсруулах зургаан үйлдвэр, махны төрөлжсөн худалдаа эрхэлж байгаа дөрвөн газарт хяналт шалгалт явуулжээ.

Энэ талаар МЕХГ- ын Мал эмнэлгийн улсын хяналтын ахлах байцаагч Н.Ганхуяг мэдээлсэн юм.

Шалгалтаар Хонхорын цагдаагийн постоор 2020 оны 10 дугаар сарын 2-ны 00:00 цагт Сүхбаатар аймгаас портер машинаар 87 хонины гулууз махыг зөвхөн Сүхбаатар аймагт хүчинтэй, гарал үүслийн гэрчилгээгээр нийслэл рүү тээвэрлэсэн.

Мөн “Дунпан интернэйшнл” компанийн махны үйлдвэрийг Баянхонгор аймгаас ирсэн 680 толгой ямааг хүлээн авсан. Ийнхүү хүлээн авах явцад 17 нь хорогдож, үйлдвэрийн хашаанд сэг нь олон хоносныг хяналтын камераар илрүүлсэн.

 

Эмээлт дэх амьд малын захын хажууд мал төхөөрч байсныг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон. Түүнчлэн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд мал төхөөрч байгаа газруудыг илрүүлж холбогдох арга хэмжээг авсан гэлээ.

Шалгалтад “Дун фан интернэйшнэл” ХХК, “Оргилон гүн” ХХК, “Тэнүүн хүсэл” ХХК-иудын дулааны аргаар мах боловсруулах, мах нядлах үйл ажиллагааны 3 үйлдвэр “Мик” ХХК, “Түмэн эх гэрэлт дивагарь”, “Мериль энэрэл сан” ТББ, “Ундарга хайрхан” ХХК, “Шижир ” ХХК, “Гомбо хайрхан” ХХК зэрэг мал төхөөрөх 6 газар хамрагдав. Мөн Эмээлт, 22-ын товчоо дахь  Нийслэлийн мал эмнэлгийн хяналтын пост, Хонхрын цагдаагийн постоор нэвтэрсэн мах тээврийн автомашин, “Хүчит Шонхор” “Нарантуул-2”, “Хархорин”, “Бөмбөгөр”, “Амгалан” “Нарантуул-1” захууд хамрагдсан байна.

Хяналт шалгалтын үр дүнд  “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд тавих техникийн зохицуулалт”-ыг Засгийн газрын тогтоолоор батлуулах;

Хөдөө, орон нутаг бүрт албан ёсны зөвшөөрөлтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан мал төхөөрөх газрыг байгуулах;

Махны чейнж нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах түүнчлэн дээр дурдсан шат дамжлагыг багасгаж, мал бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох;

Мөн уламжлалт аргаар мал төхөөрөх үйл ажиллагаа эрхэлж буй Эмээлт болон Налайхад  нэгдсэн цэвэр, бохир усны шугам хоолой, цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтцийн асуудлыг хот төлөвлөлтийн нэгдсэн бодлоготой уялдуулан шийдвэрлэх шаардлагатай гэж  хяналт шалгалтын хэлтсийнхэн дүгнэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.