Дэлхийн 18 орны эмч нар Ассанжийг эрүүдэн шүүхээ зогсоохыг уриалжээ

Дэлхийн 18 орны эмч нар Ассанжийг эрүүдэн шүүхээ зогсоохыг уриалжээ

Дэлхийн 18 орны 118 эмч Их Британийн эрх баригчдыг “WikiLeaks” байгууллагын үндэслэгч Жулиан Ассанжийг тамлан зовоохоо зогсоож, мэргэжлийн эмчийн тусламж авах боломж олгохыг уриалжээ. Тэдний гарын үсэг бүхий шаардах бичгийг “The Lancet” сэтгүүл нийтэлсэн байна.

Эмч нар Ассанжийн нарийн мэргэшсэн эмчийн тусламж авах эрхийг хассаныг буруутгаж, түүнийг сэтгэл зүйн хувьд эрүүдэн шүүхийг зогсоохыг шаардсан байна. Тэд эмчийн мэргэжлийг улс төрийн хэрэгсэл болгон ашиглах аюултай практик тогтож буй тухай дэлхийн хамтын нийгэмлэгийг сэрэмжлүүлсэн байна. НҮБ-ын эрүүдэн шүүх асуудал хариуцсан тусгай илтгэгчийн анхааруулж байсанчлан Ассанж Их Британийн шоронд амь үрэгдэх аюул нүүрлэж байна. Түүнийг сэтгэл зүйн хувьд эрүүдэн шүүх ажиллагаа шоронгийн эмнэлгийн хэсэгт эмч нарын ажиглалт дор явуулж байна. Эмч нар үүнийг дуугүй хараад сууж болохгүй. Тиймээс оройтоогүй байгаа дээр Ассанжийг эрүүдэн шүүхийг зогсоож, эмнэлгийн шилдэг үйлчилгээнд хамрагдах боломж олгохыг Их Британийн засгийг газрыг уриалж байна гэж мэдэгдэлд онцолжээ.

Эмч нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Британийн гадаад хэргийн сайдад хандан Ассанжийг Лондонгийн Белмарш шоронгоос их сургуулийн эмнэлэгт шилжүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамруулахыг хүсэлт тавьж байсан бол арванхоёрдугаар сард мөн ийм утгатай хүсэлт дахин илгээж байсан ч хариу аваагүй байна. Үүний дараа эмч нар Австралийн засгийн газарт хандан, өөрийн иргэнийг хамгаалах хүсэлт гаргасан ч энэ уриалга мөн л хариу аваагүй.

Өдгөө Лондон хотын шүүх Ассанжийг АНУ-д шилжүүлэх хэргийг хэлэлцэх гэж байна. АНУ-д түүнийг тус улсын түүхэн дэх нууц мэдээллийг задруулсан гэх хамгийн том хэрэгт буруутгаж байгаа юм. Хакерын үйл ажиллагаа явуулсан хэрэгт Ассанжид 175 жилийн хорих ял оноох магадлалтай байна. Энэ талаар Ассанжийн эцэг Жон Шиптон түүнийг хүүг АНУ-д шилжүүлбэл шоронд амь үрэгдэнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй гэжээ. Гэхдээ барууны ертөнцөд түүнийг дэмжиж буй хүмүүсийн хүрээ тэлж буйг тэрбээр онцолсон байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.