АНХААР: Монгол Улс коронавирусын халдварын МАШ ӨНДӨР эрсдэлтэй
Монгол Улсад коронавирусын халдвар Монголд зөөвөрлөгдөн орж ирэх, тархалтын эрсдэл МАШ ӨНДӨР гэж үнэлэгдсэн талаар Засгийн газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвараар дэлхийн 26 оронд 73 мянган хүн өвчилж, 1873 хүн нас баржээ. Нийт нас баралтын 99.8 хувь нь БНХАУ-д байна. БНХАУ-д өргөн тэмдэглэдэг Цагаан сарын баярын үеэр тус улсын 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь уг өвчин тархах гол нөхцөл болсон гэж үзэж байгаа.
Коронавирусын халдварын нууц үед нэлээд урт байгаагийн сацуу халдварт өвчний дамжих зам бүрэн гүйцэд тогтоогдоогүй гэдгийг ДЭМБ онцолсон.
ДЭМБ-аас коронавирусийн тархалт энэ оны дөрөвдүгээр сараас буурна гэж үзэж байгаа.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 хүнийг тусгаарлаж, шинжилгээ ажиглалт хийсэн. Одоогоор Монгол Улсад өвчлөл бүртгэгдээгүй байгаа ч Монгол Улсыг өвчлөл орж ирэх маш өндөр эрсдэлтэй бүсэд бүртгээд байна.
Тодруулбал, Улсын онцгой комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 30-нд байгуулагдсан Ажлын хэсгээс мэргэжлийн 17 байгууллагын 43 төлөөлөл оролцож, судалгаа хийж үзэхэд шинэ коронавирусын халдвар Монголд орж ирсэн үед эрсдлийн үнэлгээ ӨНДӨР гэж гарчээ. Дахин хоёрдугаар сарын 11-нд судалгаа хийхэд Монгол Улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх МАШ ӨНДӨР гэж үнэлэгджээ.
Коронавирусийн сэжигтэй хүмүүсийг 28 хүртэл хоног хяналтад байлгах шаардлагатай гэж зөвлөж байгаа юм.
Тиймээс Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргаж буй шийдвэрүүд, Ерөнхийлөгчийн уриалгыг чанд биелүүлж, хөл хөдөлгөөнийг хорих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш хариуцлагатай авч хэрэгжүүлэхийг нийт иргэдэд уриалж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.