Сар шинээр автобусны тоо, маршрутыг ХЯЗГААРЛАХ санал гаргажээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Онцгой байдлын ерөнхий газраас цагаан сарын өдрүүдэд нийтийн тээврийн тоо, маршрутыг хязгаарлах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж иржээ.
Асуудлыг яг одоо хэлэлцэж байна.
ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААНААР
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы дэглэмийг сунгах шийдвэр гаргалаа.
Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Өнөөдрийн байдлаар коронавирус дэлхийн 26 оронд 73 мянган хүн өвчилж, 1873 хүн нас бараад байна. Нийт нас баралтын 99.8 хувь нь БНХАУ-д байна. БНХАУ-д болсон цагаан сарын баярын үеэр тус улсын 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь уг өвчин тархах нөхцөл болсон гэж үзэж байгаа юм байна. ДЭМБ-аас коронавирусийн тархалт энэ оны дөрөвдүгээр сараас буурна гэж үзэж байгаа. Манай улсаас БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 хүнийг тусгаарласан. Одоогоор Монгол Улсад өвчлөл бүртгэгдээгүй байна. Гэхдээ Монгол Улсыг өвчлөл орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд бүртгээд байгаа.
Коронавирусийн сэжигтэй хүмүүсийг 28 хүртэл хоног хяналтад байлгах шаардлагатай гэж зөвлөж байгаа. Тиймээс Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020.03.30 хүртэл сунгах тогтоол гаргалаа. Хорионы хугацааг сунгасантай холбоотой дэглэм өөрчлөгдөхгүй” хэмээн мэдээлэл өглөө.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос дараах асуултад хариулт авлаа.
-Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгаснаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг давхар сунгах уу?
-Өнөөдрийг хүртэл ямар дэглэмээр явж ирсэн тэр дэглэмээрээ үргэлжилнэ. Хичээл сургалт онлайнаар явна. Дараа нь хорио тавигдсанаар алдсан хугацааг нөхөхийн тулд ням гарагуудад хичээллэнэ. Мөн энэ жил сургууль төгсөх хүүхдүүдийн шалгалтын асуудлыг дахин ярилцана.
-Спортын заалыг хаасан нь ямар учиртай вэ?
-Спортын заал болон фитнесийн заалыг хаах шийдвэр гараагүй. Аливаа вирусийн үед хүний дархлаа сайн байх ёстой. Харин спорт заалуудад тэмцээн, уралдаан зохион байгуулж болохгүй.
-Хил хааж, нүүрсний экспорт зогссон үед эдийн засагт ямар алдагдал учрах вэ?
-Нэгэнт хил гаальд хязгаарлалт тавьсан. Коронавирус ганц Монголд биш дэлхий дахины эдийн засагт нөлөөлж байна. Одоогийн байдлаар судалгаа хийгдэж байна. Засгийн газраас өвчнийг оруулж ирэхгүй байхад гол анхаарлаа хандуулж байгаа. Хорио цээрийн хугацаанд яаж ажиллах тухай асуудлаар БНХАУ-тай ярьж байна. БНХАУ хорио цээрээ гуравдугаар сарын 28 хүртэл сунгасан. Тэгэхээр зөвхөн манайхаас биш Хятадын талаас хамаарах асуудал болчихоод байна. Энэ хооронд бид экспорт, импортоо нөхөх асуудлаа ярьж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.