Засгийн газар ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН хугацааг сунгалаа
Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн халдвараас сэргийлэх өндөржүүлсэн хорионы дэглэмийг дахин нэг сараар сунгах асуудлыг өнөөдөр /2020.02.19/-ийн хуралдаанаараа хэлэлцэж, өндөржүүлсэн бэлэн байдлын хол хорионы дэглэмийг сунгах шийдвэр гаргалаа.
Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Н.Энхболд “Өнөөдрийн байдлаар коронавирус дэлхийн 26 оронд 73 мянган хүн өвчилж, 1873 хүн нас бараад байна. Нийт нас баралтын 99.8 хувь нь БНХАУ-д байна. БНХАУ-д болсон цагаан сарын баярын үеэр тус улсын 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь уг өвчин тархах нөхцөл болсон гэж үзэж байгаа юм байна. ДЭМБ-аас коронавирусийн тархалт энэ оны дөрөвдүгээр сараас буурна гэж үзэж байгаа. Манай улсаас БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 хүнийг тусгаарласан. Одоогоор Монгол Улсад өвчлөл бүртгэгдээгүй байна. Гэхдээ Монгол Улсыг өвчлөл орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд бүртгээд байгаа. Коронавирусийн сэжигтэй хүмүүсийг 28 хүртэл хоног хяналтад байлгах шаардлагатай гэж зөвлөж байгаа. Тиймээс Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020.03.30 хүртэл сунгах тогтоол гаргалаа. Хорионы хугацааг сунгасантай холбоотой дэглэм өөрчлөгдөхгүй” гэсэн мэдээлэл өглөө.
ЕБС, их дээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг СУНГАЛАА
Тогтоолын дагуу Засгийн газар бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж байгаа юм.
Өмнө нь гуравдугаар сарын 2-ныг хүртэл боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон байсан билээ. Бүх төрлийн боловсролын байгууллага гэдэгт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, МСҮТ, коллеж, сургалтын төвүүд багтана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.