Англид дөрвөн долоо хоногийн бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоож байгааг мэдэгдлээ.
Англид дөрвөн долоо хоногийн бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоож байгааг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон бямба гаргийн орой мэдэгдлээ. Түүний хэлснээр, хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж буйн гол зорилго нь коронавирусний цар тахлын хоёр дахь давлагааг зогсоох юм.
Бүх нийтийн хорио цээрийн дэглэм пүрэв гаргаас хэрэгжиж эхлэх бөгөөд 12 дугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ нь Их Британид цар тахал дэгдсэнээс хойш тогтоож буй хоёр дахь хорио цээрийн дэглэм юм. Жонсоны хэлснээр, орон даяар уушийн газар, баар, зоогийн газар, үсчин, кинотеатр, спорт клубүүд, чухал хэрэгцээт барааны дэлгүүрээс бусад бүх дэлгүүрийг хаана. Тусдаа амьдардаг хүмүүсийн уулзахыг хориглоно. Англичууд ажлын шугамаар аялах боломжтой боловч гадаадад амрахаар явах боломжгүй. Мөн онцын шаардлагагүй бол эсвэл ажлын шугамаар биш бол гадагш зорчихгүй байхыг зөвлөж байна.
"Нөхцөл байдал хамгийн хүнд хувилбараас ч муу байна. Хэрэв бид арга хэмжээ авахгүй бол өдөрт хэдэн мянган хүн коронавирусний халдвар авсны улмаас нас барахад хүрч болзошгүй" гэж Их Британийн Ерөнхий сайд хэлэв.
Сургууль, их сургуулиудыг хаахгүй
Үүний зэрэгцээ, шинэ хязгаарлалтууд Их Британийн эрх баригчдын гуравдугаар сард зарлаж, дөнгөж тавдугаар сараас сулруулж эхэлсэн анхных шиг хатуу биш байх юм. Хаврын хорио цээрийн дэглэмээс ялгаатай нь цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоохгүй, парламент, шүүхүүд ажлаа үргэлжлүүлнэ.
Дижитал технологи, соёл, хэвлэл мэдээлэл, спортын сайд Оливер Доудены мэдээлснээр, шинэ хязгаарлалтууд мэргэжлийн тамирчдын оролцоотой спортын арга хэмжээнд нөлөөлөхгүй, гэхдээ тэмцээнүүдийг танхимын үзэгчидгүй зохион байгуулах аж.
Бизнесийг дэмжих арга хэмжээний хувиар хорио цээрийн дэглэмийн улмаас албадан чөлөө авсан хүмүүст Засгийн газар цалингийнх нь 80 хүртэлх хувийг олгоно гэж Жонсон мэдэгдэв. Ийм арга хэмжээ өмнө нь гуравдугаар сараас зуны эхэн үе хүртэл хэрэгжиж байсан юм.
Борис Жонсоны танилцуулсан арга хэмжээнүүд нь зөвхөн Англид хамаатай байна. Нэгдсэн Вант Улсын засаг захиргааны бусад нэгж болох Умард Ирланд, Уэльс, Шотландын эрх баригчид нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж буй хязгаарлалтыг бие даан тодорхойлдог аж.
“Эрүүл мэндийн тогтолцоог нурахад хүргэж болзошгүй "эрүүл мэндийн болон ёс суртахууны гамшиг" -аас урьдчилан сэргийлэхийн тулд хорио цээрийн дэглэм зайлшгүй тогтоох шаардлагатай гэж Жонсон мэдэгджээ.
Их Британид коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж, халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан тус улсын 66 сая хүн амын 84 хувь нь амьдардаг Англид шинэ арга хэмжээнүүдийг авч буй юм. Бямба гарагт халдвар илэрсэн хүний тоо 1 сая давсан байна. Нийтдээ тус улсад 46555 хүн коронавирусний халдвараар нас барсан нь Европтоо хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд өдөр бүр халдварын 20 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.