Т.Бадрал: Жолооч нар аа, хүйтэн байгаа шүү, хулгайн замаар явж болохгүй
Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас хоёрдугаар сарын 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос өнөөдөр /2020.02.20/ гаргалаа.
Шийдвэрийн дагуу энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хааж буй бөгөөд нислэг хамаарахгүй юм.
Онцгой комиссоос хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Иргэдийн хөдөлгөөнийг хэрхэн хянах вэ" гэсэн асуултад ЗТХ-ын сайд Б.Энх-Амгалан “Хөдөлгөөнийг Замын цагдаагийн Тээврийн цагдаагийн алба хянана. Мөн ОБЕГ, аймгуудын онцгой комисс үүрэг авч ажиллана. Нэгэнт шийдвэр гарсан учраас ард иргэд онцгой комиссын шийдвэрийг хүндэтгэнэ гэж найдаж байна” хэмээн хариуллаа.
Мөн ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Өнөөдрийн хувьд цас орж байна, шуурч байна. Үргэлжлээд цагаан сартай золгож байгаа. Иргэд хулгайн замаар явснаас болж энд тэнд цасанд суух, хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах, даарч хөрөх эрсдэлтэй. Цаашлаад амь насанд аюултай нөхцөл байдал гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс жолооч нарт хулгайн зам ашиглахгүй байхыг анхааруулж байна. Эзэнгүй, хээр газар цасанд суудаг, төөрдөг. Тэгээд онцгой байдлын байгууллагуудад хүндрэл учруулдаг ийм ухамсаргүй үйлдэл олон гардаг. Цагаан сарын өдрүүдэд хүйтэн байна шүү гэдгийг онцгой анхааруулж байна” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.