Нүүрсний тээврийг ирэх сарын 2-ноос ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ чиглэл өглөө
Улсын онцгой комиссын хуралдаанаар гуравдугаар сарын 02-ноос нүүрсний тээврийг хэвийн үргэлжлүүлэхээр чиглэл өгч, шаардлага арга хэмжээг авч, бэлтгэж ажлыг хангуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр анхны шийдвэр гаргаснаас хойш 21 хоногийн дараа хэвийн үргэлжлэхээр болж байна.
Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор нүүрсний шийдвэрийг зогсоосон нь “Тавантолгой-Гашуун сухайт” боомтын чиглэлд тээвэрт явдаг 10 гаруй мянган тээврийн хэрэгсэл сул зогсоход хүргээд байна.
“Баянзам” тээвэрчдийн холбооны үзэж буйгаар нүүрсний экспорт зогссоноор улсын төсвийн орлого өдөрт 27 орчим төгрөгөөр тасалдаж байгаа аж.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас нүүрсний борлуулалт тасалдсан ч нүүрсний тээвэр сэргэх үед борлуулалт дагаад нэмэгдэх магадлалтай гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үзэж буй юм.
Эдийн засагчид коронавирусийн дэгдэлт Монгол Улсын эдийн засагт хүнд дарамт учруулна гэж таамаглаж буй. Түүнчлэн Олон улсын валютын сан коронавирус эдийн засгийн төлвийг сааруулна гэж өчигдрийн мэдэгдэлдээ дурдсан билээ.
Монгол Улсын экспортын голыг нүүрсний салбар нугалдаг. Энэ ч утгаараа 2020 онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх тооцоо гаргасан. Энэ тооцоолол коронавирусийн улмаас мөн л тасалдах эрсдэл үүсээд байна. Өнгөрсөн 2019 онд мөн л энэ хэмжээний нүүрс экспортлох тооцоо байсан ч зургаа орчим тонноор дутуу борлуулсан юм.
Монгол Улсын Онцгой комисс хоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар нүүрсний тээврийг түр зогсоох шийдвэр гаргасан билээ. Харин өнөөдрийн хуралдаанаар гуравдугаар сарын 02-ноос нүүрсний тээврийг сэргээхээр боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.