Олон хүн нэг дор цуглах нь халдвар тархах ЭРСДЭЛИЙГ нэмэгдүүлж байна
Дэлхий дахинаа тархаад байгаа шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын тухай өнөөдөр /2020.02.21/ Эрүүл мэндийн яам мэдээллэл хийлээ.
Уг мэдээллээс дэлхий дахины явц, байдлыг тоймлон хүргэж байна.
2020.02.21-ний өдрийн 08:00 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ коронавирусийн 75777 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 2129 нь нас барсан байна.
БНХАУ: Эмнэлзүйгээр оношлогдсон тохиолдол лабораториор сөрөг гарсан тул БНХАУ тохиолдлын тодорхойлолтдоо өөрчлөлт оруулж, эмнэлзүйн шинж тэмдгээр оношлогдсон тохиолдлоо хасаж, лабораториор батлагдсан тоог задалж эхэлжээ.
БНСУ: 2020.02.21-ний өдрийн өглөөний 09:00 цагийн байдлаар 52 хүн шинээр халдвар авч, нийтдээ 156 тохиолдол бүртгэгдлээ. Тус улсын дөрвөн хот, зургаан мужид тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар бүртгэгдсэн 105 хүний 17 нь эмнэлэгт, 67 нь сүмийн цуглаанд очсоноор вирусийн халдвар авсан аж. Нийт халдварын 80 хувь нь Дэгү хотод гарсан бөгөөд тус хотод халдвар голомтлон тархаж байна. Цаашдаа энэ тоо өсөх төлөвтэй байгаа аж.
Олон улсад: БНХАУ-аас гадна 26 улсад уг вирусийн 1098 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд найман хүн нас баржээ. Вирусын тохиолдол Филиппин, Япон, Солонгос, Франц, Иран зэрэг улсад эрчимтэй бүртгэгдэж эхэллээ.
Халдвар голомтлон тархаж байна: БНХАУ-д вирусийн халдвар буурч байгаа ч Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань, Тайланд улсад халдвар голомтлон тархаж байна. Хятад улсад зорчоогүй, батлагдсан тохиолдолтой хавьтал болоогүй хүнээс халдвар тарсан тохиолдлын тоо нэмэгджээ. Сүүлийн 24 цагийн байдлаар БНСУ-д бүртгэгдсэн тохиолдлын тоо гурав дахин нэмэгджээ.
Нас баралт: Япон, Өмнөд Солонгос улсад нас баралт бүртгэгдлээ.
Халдвар тархах болсон шалтгаан: Япон, Өмнөд Солонгос, Сингапурт халдвар голомтлон тархаж байгаагаас үзэхэд хүн ам олноороо цуглахад халдвар тарах гол эрсдэлт хүчин зүйл болж байна гэж судлаачид үзэж байна.
Өгч буй зөвлөмж: Олон нийтийн газраар зорчихгүй байх, эмнэлгээр явахгүй байх, эмнэлгээр явах тохиолдолд амны хаалт зүүх, хоол хүнсээ гүйцэт боловсруулж хэрэглэх, гараа тогтмол савандаж угаах, ханиалгах, тайтаалгах, халуурсан хүнээс хол байх, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах нь бусдыг болон өөрийгөө уг халдвараас сэргийлэх арга болох юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.