КОРОНАВИРУС: Солонгосчуудыг айдаст автуулж буй гол асуудал нь СҮМИЙН ЦУГЛААН

КОРОНАВИРУС: Солонгосчуудыг айдаст автуулж буй гол асуудал нь СҮМИЙН ЦУГЛААН

БНСУ-д ажиллаж, амьдарч буй "Күүкмин" Их сургуулийн багш Ц.Өнөрзаяа сэрэмжлүүлэг болгон энэхүү мэдээллийг ирүүлснийг нийтлэн хүргэж байна. 


Солонгос улсад Корона вирусээр халдвар авсан иргэдийн 70-аас дээш хувь нь Тэгү хотоос илэрч, тэр дундаа Шинчонжи хэмээх шашны итгэгчид олонхи болох нь тодорхой боллоо. Энэхүү Шинчонжи гэдэг нь "Шинэ ертөнц" гэх утгыг илэрхийлэх ба Библийн Илчлэл 21.1, 15.5-д заасныг үндэслэсэн "Шинэ тэнгэр, шинэ газар"-т ирсэн шинэ эзэн гэж өөрийгөө тодорхойлсон И Ман Хи гэгч 1984.3.14-нд байгуулсан христийн шашны нэгэн урсгал бөгөөд христийн шашныхан өөрсдөө хүлээн зөвшөөрдөггүй "гаж буруу урсгал" хэмээн эрс үгүйсгэдэг.

Энэхүү шашныг үндэслэгч И Ман Хи нь өөрийгөө шинээр төрсөн Бурхан гэж үзэн, итгэгчдийхээ тархийг угаах, өөрийхөө номлолыг заах зорилгоор сургалтын төвийг байгуулсан ба энэ газарт Шинчонжи номлолын бага, дунд, дээд шатны үе шатлалыг заах 6 сарын сургалтанд суусны дараа шалгалт өгч төгсдөг байна. Одоогоор төгсөгчдийн тоо 100,000 гаруй болсон. Энэхүү шашинд нэгэнт орсон хүн нь эцэг, эх, үр хүүхдээ бүгдийг орхидог бөгөөд өөрийн хөрөнгөө шинээр төрсөн Бурхан болох шашны үндэслэгчдээ өгдөг байна.

Энэ шашинд хохирогчдын нэгдэл үүсэж олон удаа шүүхэд хандаж байсан боловч БНСУ өнөөг хүртэл энэ шашны үйл ажиллагааг хориглоогүй. Мөн Солонгосын телевизүүдээр хүртэл энэхүү тархи угаалтын талаар анхааруулсан хэд хэдэн удаагийн баримтат нэвтрүүлгүүд гарч байсан байна.

Энэ шашны урсгалыхан Япон, Хятад, Филиппин, Кампож гэх мэт Азийн 16 улс, Англи, Герман, Франц гэх мэт Европын 9 улс, Австрали, Шинэ Зеланд гэх мэт номхон далайн 2 улс, Өмнөд Африк зэрэг Африк тивийн 5 улс зэрэг дэлхийн 40 улсад 33 сүм, 109 цуглаанд 22,478 итгэгчид цуглардаг. Гэвч 2019 онд энэхүү шашныг Хятад улс албан ёсоор хориглож хууль бус гэж үзэж үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.

БНСУ-ыг түгшүүрт автуулж байгаа гол асуудал нь 1000 хүн нэг танхимд цугларсан тус шашны сүмийн уулзалтанд Корона вирусын халдвартай хүн 2 ч удаа очиж оролцсон нь тус улсын нийгмийг айдастай болгох гол нөхцөл болж байна.

Нэмж хэлэхэд өөрийгөө дахин төрсөн Бурхан гэж үздэг БНСУ-ын 40 гаруй иргэн байдаг ба тэд өөр өөрсдийн сүм, номлолыг шашин, соёл, улс төр, боловсролын янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлдэг ба үүнийг нь сонсож дагадаг итгэгчид нэлээдгүй байдаг.

Ц.Өнөрзаяа /БНСУ Күүкмин Их Сургуулийн багш/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.