Ирэх оны Давосын чуулга уулзалт Сингапурт болно

Ирэх оны Давосын чуулга уулзалт Сингапурт болно

Швейцарын Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг цар тахлын улмаас Сингапурт зохион байгуулахаар болжээ. Энэ тухай тус байгууллагын ерөнхийлөгч Борге Бренде мэдэгдсэн байна. Чуулга уулзалт 2021 оны тавдугаар сарын 13-16-ны өдрүүдэд болно. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах газруудын нэгээр шинжээчид Сентоза арлыг нэрлэж байна. 

“Жил бүр зохион байгуулдаг энэхүү чуулган бизнес эрхлэгчид, төр, засаг, иргэний нийгэмлэгийн удирдагчид дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш анх удаа уулзах газар болно. 2020 онд үүссэн санал зөрөлдөөнийг арилгах, итгэлцлийг сэргээхийн тулд төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа урьд урьдынхаас илүү хэрэгтэй байна” гэж Давосын чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч Клаус Шваб хэлсэн байна.

Зохион байгуулагчдынх нь мэдээлснээр, чуулга уулзалтад оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргасан байна. Үүний зэрэгцээ 2021 оны нэгдүгээр сарын 25-29-ний хооронд болох “Давосын долоо хоног”-ийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. 2022 оны Давосын чуулга уулзалт эргээд Швейцарт болно гэж зохион байгуулагчид нь найдаж байгаа аж.  

Сингапур нь коронавирусний тархалтыг амжилттай хязгаарлаж чадсан улс юм. Гэсэн хэдий ч тус улсад хорио цээрийн хоёрдугаар түвшний дэглэм хэрэгжиж байгаа бөгөөд таваас дээш тооны хүн нэг дор цуглахыг хориглосны зэрэгцээ компаниудын ихэнх нь ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж байгаа аж. Цар тахал дэгдсэнээс хойш Сингапурт нийт 58285 хүн халдвар авч, 29 хүн нас баржээ  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.