ШУУРХАЙ: Oнцгой комиссоос БНСУ-ын бүх нислэгийг ЗОГСООЛОО

ШУУРХАЙ: Oнцгой комиссоос БНСУ-ын бүх нислэгийг ЗОГСООЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.02.24/ Улсын онцгой комисст БНСУ-тай хийж байгаа нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэлийг өгсөн билээ. Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын нислэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаанд зогсоох, хязгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн байна. 

Энэ хүрээнд  Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалсан Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагт шуурхай хуралдаан зарлаж, яг одоо хуралдаж байна. 

Тэгвэл дөнгөж сая хуралдаанаар БНСУ-тай хийж байгаа ирэх, явах бүх нислэгийг тодорхой хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл болон Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн өгсөн саналыг үндэслэж маргаашаас /2020.02.25/ БНСУ-аас ирэх, явах бүх нислэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэлээ. 

МИАТ, ASIANA, KOREAN AIR компаниудын нислэг тус чиглэлд 7 хоногт 18 удаа үйлдэгддэг бөгөөд гуравдугаар сарын 2-ноос хойш байдлыг харгалзан шийдвэрийн хугацааг сунгах эсэхээ шийдэх юм байна. 

Энэхүү шийдвэрийн хүрээнд мөн визний хугацаа нь дуусах дөхсөн иргэдээ БНСУ-ын ГХЯ-тай визний хугацааг нь зохицуулалтын талаар хэлэлцэж эхэлсэн байна.

Өнөөдөр өглөөний байдлаар  БНСУ-д COVID-19 коронавирусийн халдвараар шинээр 161 хүн нэмж халдвар авсан нь батлагдаж өвчтөнүүдийн тоо 763-т хүрээд байгаа юм. Өчигдөр халдвараас болж зургаан өвчтөн нас барсан ба өнөөдөр эмнэлэгт хэвтэж байсан 62 настай эрэгтэй өвчтөн дахин нас барж уг халдварын улмаас нийт долоон хүн нас бараад байна.

Шинээр батлагдсан 161 өвчтөний 129 нь Тэгү Шин Чон Жи сүмтэй холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд үлдсэн 32 нь тархвар судлалын шинжилгээнд хамрагдаж байна. Бүс нутгаар нь авч үзвэл Тэгу хотод 131, Кёнбукт 11, Кёнги хотод 10, Сөүл, Кённамд гурав, Гванжу хотод нэг хүн өвчлөөд байна. 

БНСУ-ын Ерөнхийлөгч хар, шар, цагаан гэхгүй бүх улсын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж эмчилнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.