Сэлэнгэ аймаг иргэдээ татан авах ажлаа үргэлжлүүлж байна

Сэлэнгэ аймаг иргэдээ татан авах ажлаа үргэлжлүүлж байна

Сэлэнгэ аймаг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байгаа хэдий ч аймгийн Онцгой комиссоос Улаабаатар болон бусад аймаг сумаас иргэдээ татан авах ажлаа үргэлжлүүлж байна.

Уг ажиллагаа энэ сарын 07-ноос 13-ны байдлаар 17 сумын 850 гаруй иргэн ирээд байна. Татан авах ажлыг Сэлэнгэ аймгийн “Зэлтэрийн зам” ХХК хариуцан нийтдээ зургаан автобусаар Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд тээвэрлэлт хийж байна.

Алтанбулаг, Сүхбаатар сумын гарах хөдөлгөөнийг хориглосон учраас ийнхүү нэг талдаа үйлчилж байгаа аж.

“Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ыг үндэслэн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг чанд баритлан ажиллаж буйгаа тус компанийн захирал онцолж байна.

Алтанбулаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт орох хөдөлгөөн бусад сумын орох гарах хөдөлгөөнд хяналт тавих ажиллагаанд аймгийн Цагдаагийн газрын 60 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Татан авах ажиллагаа хэвийн явагдаж байгаа, одоогоор тусгаарлалттай холбоотой зөрчил гараагүй байна гэдгийг албаны хүмүүс хэлэв.

Иргэдээ татан авах ажлын хүрээнд хүлээн авах цэгүүдийг байгуулан  МХГ, Зооноз өвчин судлалын төвөөс иргэдийн “PCR” шинжилгээний хариуг шалгах, оршин суух хаягийн бүртгэл хөтлөх, баталгааны хуудас бөглүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.