АНУ-д эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулж эхэллээ
АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан коронавирусний вакцинаар эмнэлгийн ажилтнуудыг даваа гаргаас дархлаажуулж эхэллээ. “Pfizer-BioNTech” компанийн вакциныг хийлгэсэн эхний хүн Нью-Йорк муж улсын сувилагч Сандра Линдсей болжээ. Түүний хэлснээр, уг тарилгыг хийлгэхэд бусад вакцинаас ямар нэгэн өөр мэдрэмж төрөөгүй байна.
“Биеийн байдал маань сайн байна. Цар тахал дэгдсэн энэ үед дэлхий даяар ажил үүргээ гүйцэтгэж буй эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлмээр байна” гэж С.Линдсей хэлжээ. Мөн тэрбээр энэхүү үйл явдлыг хүнд цаг үеийг даван туулах эхлэл хэмээн тодорхойлжээ.
АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Pfizer-BioNTech”-ийн вакцинд зөвшөөрөл олгож, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв уг вакциныг 16-гаас дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрсөн юм.
“Бид даваа гарагт бүх муж улсын 145 хэсэгт, мягмар гарагт 425 хэсэгт, лхагва гарагт сүүлийн 66 хэсэгт вакциныг хүргэхээр төлөвлөж байна” гэж Засгийн газрын вакцины асуудал хариуцсан хөтөлбөрийн төлөөлөгч мэдээлжээ.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газрын үйлчлүүлэгчдийг эхний ээлжинд дархлаажуулахыг зөвлөсөн юм. АНУ даяар энэ долоо хоногт 2.9 сая орчим тун вакциныг түгээх бөгөөд энэ нь 1.45 сая хүнийг дархлаажуулахад хүрэлцэнэ.
“Бид 12 дугаар сарын эцэс гэхэд 20 сая хүнийг, нэгдүгээр сарын эцэс гэхэд 50 сая хүнийг дархлаажуулах вакцинтай болно” гэж Эрүүл мэндийн сайд Алекс Азар “CNN” сувагт даваа гарагт мэдээлсэн байна. Яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах дараагийн зөвшөөрлийг “Moderna” компанийн вакцинд олгох асуудлыг одогоор хэлэлцэж байгаа бөгөөд хоёрдугаар сар гэхэд “Johnson & Johnson” компанийн нэг тунт вакцин, мөн “AstraZeneca”-гийн вакцинд зөвшөөрөл олгож магадгүй ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.