БНСУ 2022 оноос эхлэн нэг хүртлэх насны хүүхэд сард 300,000 воны тэтгэмж олгоно.
Өмнөд Солонгосын Засгийн газар хүн амын өсөлтийг дэмжих таван жилийн бодлогоо өчигдөр /2020.12.15/ танилцуулжээ. Тус улсад сүүлийн арав гаруй жил хүүхэд төрөлт багасч, хүн амын насжилт эрчимжиж байгаа юм.
Иймд, эхний ээлжинд Засгийн газар 2022 оноос эхлэн нэг хүртэлх насны хүүхэд бүрт сард 300,000 воны тэтгэмж олгохоор болжээ. Энэ тэтгэмжийг 2025 он гэхэд 500 мянган вон болгохоор зорьсон байна. Одоогийн байдлаар тус улс долоо хүртэл насны хүүхдэд сар бүр 100,000 воны тэтгэмж олгодог юм байна.
Мөн 2022 оноос эхлэн шинээр хүүхэдтэй болох гэж байгаа эцэг эхчүүдэд хоёр сая воны нэг удаагийн тэтгэмж олгох, жирэмсэн эхчүүдэд олгодог 600,000 воны нэг удаагийн тэтгэмжийг 2022 оноос нэг сая вон болж нэмэгдүүлэх зэрэг ажлыг төлөвлөжээ.
Түүнчлэн шинэ эцэг эхчүүд хүүхдээ төрснөөс хойш гурван сар ажлаасаа чөлөө авах боломжтой ба энэ хугацаанд эцэг эх тус бүрт сарын гурван сая воныг Засгийн газраас олгох юм байна.
Өмнөд Солонгосын засгийн газар 2006 оноос хойш төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд гурван цогц хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 185 их наяд воны хөрөнгө зарцуулсан ч хүн амын дунд төрөлт багассаар 2019 онд нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо 0.92 болсон нь түүхэн доод үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: Yonhap News
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.