БНАСАУ-ын удирдагч энэ онд хамгийн цөөн удаа олны өмнө гарч иржээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ онд 53 удаа олон нийтийн өмнө гарч ирсэн нь 2012 оноос төрийн эрхийг барьж эхэлснээс нь хойших хамгийн цөөн үзүүлэлт боллоо гэж БНСУ-ын “Sejong” хүрээлэн баасан гарагт мэдээлжээ. Энэхүү үзүүлэлтийг БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 17-нд нийтэлсэн мэдээнд үндэслэн гаргажээ. “Sejong” хүрээлэнгийн мэдээлснээр, Ким Жөн Ун өнгөрсөн онд 85 удаа, 2013 онд 212 удаа олны өмнө харагдсан байна.
БНАСАУ-ын удирдагч 2020 онд эдийн засгийн үйл явдалтай холбоотой шалтгаанаар 14 удаа олон нийтийн өмнө гарч ирсэн нь 2012 оноос хойших хамгийн цөөн үзүүлэлт болсон бол цэргийн үйл ажиллагаанд 12 удаа оролцсон нь 2018 оныхоос дөрвөөр нэмэгджээ. Тэрбээр энэ онд дипломат үйл ажиллагаанд оролцож буйгаар олны өмнө харагдаагүй байна. Харин дотоодын улс төрийн үйл явдал, хуралдаан, уулзалтад оролцсон нь олон нийтийн өмнө гарч ирсэн нийт тохиолдлын тэн хагас орчмыг эзэлжээ. Мөн найман удаа нөхцөл байдалтай биечлэн танилцсаны дийлэнх нь эрүүл мэнд, байгалийн гамшгаас үүдэлтэй шалтгаантай байв.
Ким Жөн Ун олны өмнө цөөн гарч ирэх болсон нь шинэ коронавирусний халдвартай түлхүү холбоотой гэж “Sejong” хүрээлэн үзэж байна. “COVID-19” тархах эрсдэлтэй байгаатай холбоотойгоор нөхцөл байдалтай биечлэн танилцахаас илүү асуудлуудыг хуралдаанаар шийдвэрлэхэд түлхүү анхаарсан бололтой байна гэж уг хүрээлэнгийн судлаач Чой Ин Жу мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.