Ерөнхийлөгчийг ХОЁРДУГААР эмнэлэгт, багийн гишүүдийг сувилалд ТУСГААРЛАЛАА

Ерөнхийлөгчийг ХОЁРДУГААР эмнэлэгт, багийн гишүүдийг сувилалд ТУСГААРЛАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.27/ БНХАУ-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзаад эх орондоо эргэж ирлээ. 

Айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явж буй.

Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөж, Монгол Улсдаа эргэн ирсэн бөгөөд ирсэн даруйдаа Ерөнхийлөгч болон айчлалын багийн бүрэлдэхүүнийг 14 хоног тусгаарлахаар мэдэгдээд байсан.

Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "ҮАБЗ-ийн дарга Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д богино хугацаатай айлчлахаар өнөөдөр Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авсан. Зайлшгүй шаардлагаар айлчлал хийж байгаа ч ирэхэд нь Ерөнхийлөгч болон айлчлалын багийг одоо үйлчилж байгаа дэг журмын дагуу 14 хоног тусгаарлаж, үзлэг шинжилгээ, тандалт хийнэ" гэсэн юм.

Тусгаарлагдах багт ороод буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар нь Улсын онцгой комиссын гишүүд билээ.

Айлчлалын баг, бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчийг Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт, хамт явсан Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ХУД-ийн нутаг дэвсгэр Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа сувилалд тусгаарлаж, сорилго шинжилгээ авч, тандалт явуулахаар боллоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.