Токиогийн нислэгээр БНСУ-аас дамжиж ирсэн 38 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Улсын онцгой байдлын шийдвэрийн дагуу ОМ-502 дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас дамжин ирсэн 38 иргэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүллээ.
ОМ-502 дугаартай нислэг Улаанбаатарын цагаар 18:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн юм.
Нислэгийн 260 зорчигчоос 230 гаруй нь Монгол Улсын иргэд бөгөөд халдварын тархалт эрчимжсэн БНСУ-аас Токиогоор дамжин ирсэн 38 иргэнийг ийнхүү тусгаарлаж байгаа билээ. Дээрх иргэдээс халуурсан болон өөр ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Нислэгийн хуваарийн дагуу дээрх чиглэлийн онгоц өчигдөр газардах байсан ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас өнөөдөр болж хойшилсон юм.
Улсын онцгой байдлын ээлжит хуралдаанаар /2020.02.26/ Япон болон БНСУ руу үйлдэх шууд нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл түр хугацаанд цуцалсан билээ.
Өнөөдрийн нислэг нь хорионы хугацаанд Монгол Улсад газардах сүүлийн нислэг байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.