Н.Тавинбэх: Олон хэрэглэгчийн төлбөр сар дамжиж байгаагаас ойлголтын зөрүү гарч байна
Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг хөнгөлсөн ч төлбөр өндөр гарч байгаа тухай мэдээлэлд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр албан ёсоор тайлбар өгөв.
Засгийн газраас өнгөрсөн сарын 13-нд айл өрхүүдийн айл өрх, зарим ААН-үүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, уур ус, усан хангамж, хогны төлбөрийг төр, засгаас хариуцах шийдвэр гаргасан. Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоот хуулийн этгээд, уул уурхайн олборлох үйлдвэрлэл, банк, ББСБ, крепто валютын үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, түүний бөөний болон худалдаа эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт болон үүрэн телефоны үйл ажиллагаа эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, хар төмөрлөг, цементийн үйлдвэрлэл явуулж байгаагаас бусад ААН-үүдийн цахилгаан, дулаан эрчим хүч, дулааны уур, усан хангамж, хогны төлбөрийг 7 сарын хугацаанд Монголын төр хариуцах шийдвэрийг гаргаж байна. Цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын ашгаас нөхөх юм.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Айл өрхүүдийн 2020 оны 12 дугаар сарын дулаан, цахилгааны төлбөр гарсан. Эрчим хүчний төлбөрийн талаар иргэдээс гомдол санал ирсэн. Улаанбаатар хотод өнгөрсөн сард 326 мянга 500 хэрэглэгчид цахилгааны төлбөр бичигдсэнээс 137 мянга нь гэр хороололд бий. Цахилгааны төлбөр гарсны дараа 4917 гомдол Хэрэглэгчийн гомдол, саналыг хүлээж авах утасанд ирсэн. Үүнээс 294-ийг нь албан ёсны гомдол гэж хүлээж авсан бөгөөд энэ нь нийт хэрэглэгчдийн 1 хүрэхгүй хувь юм. Монгол Улсын хэмжээнд 690 мянган айл өрх бий. Цахилгааны төлбөрийг ажилтнууд заавал биечлэн очиж бичдэг нүсэр ажил бий. Энэ бол цаг хугацаа шаардсан механик ажил. Энэ ажлыг хөнгөвчлөхийн тулд хэрэглэгч нарыг 6 хэсэгт хувааж, тоолуурын заалт авдаг. Нэг ажилтан орон нутагт 600-800, Улаанбаатар хотод 2000-3000 мянган хэрэглэгчийн төлбөр бичдэг. Хоёрдугаарт, хэрэглэгчийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 хоногоор тооцож төлбөр бичдэг. Ийм учраас олон хэрэглэгчийн төлбөр сар дамжиж орж ирж байгаа тул ойлголтын зөрүү гарч байна. Жишээлбэл, 12 дугаар сард гарсан төлбөрийг олон хүн тухайн сарын 1-31-ний төлбөр гэж ойлгож байх шиг байна. Гэхдээ миний дээр хэлсэн шалтгааны улмаас 11 дүгээр сарын тодорхой хоногууд 12 дугаар сарын төлбөр дээр орж байгаа. Тухайлбал, иргэн Тавинбэх, 7 сарын 10-нд гэрээ байгуулсан бол тухайн сарын төлбөр 8 сарын 10-нд гарна. Ингэж хойшоо хөөгдөж явсаар байгаад 12 сард гарсан төлбөр бол 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны төлбөр гэсэн үг. Тэгэхээр Засгийн газрын шийдвэр 12 дугаар сарын 1-нээс хэрэгжсэн тул 12 сарын төлбөрт иргэн Тавинбэхийн 11 сарын 10-30 хүртэлх 20 хоногийн төлбөр орж байгаа юм. Энийг хэрэглэгч өөрөө төлөх ёстой. Тэгэхээр энэ 1 сард гарах төлбөр бол 12 сарын 10-наас 1 сарын 10 хүртэл гарна. Энэ үед төрөөс даана гэсэн үг” хэмээв.
Засгийн газрын тогтоол гарсны дараа Улаанбаатар хотын эрчим хүчний ахуйн хэрэглээ 25 хувиар өссөн байна. Ердийн үед Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ 1100 мВт байдаг бол өнгөрсөн сарын 31-ны орой 1300 мВт хүрчээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед цөөн аж ахуйн нэгж ажилласан. Мөн баярын өдөр учраас олон аж ахуйн нэгж ажилтнуудаа амраасан байна. Үйлдвэр аж ахуйн нэгжүүд цөөхөн ажиллаж байхад ахуйн хэрэглээ өссөн нь айл өрхүүдэд ачаалал их байгааг харуулж байна хэмээн Н.Тавинбэх сайд онцлов.
Тэрбээр, “Тоолуурын заалтаар төлбөрийн хэмжээ гарч байгаа. Тоолуурт ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд хэрэв төлбөр өндөр гарсан бол таны хэрэглээ их байна гэсэн үг. Төлбөр өмнөх сарынхаас эсхүл өмнөх оны мөн үеийнхээс илүү гарсан бол гомдол гаргаад шалгуулж болно. Одоогийн байдлаар эрчим хүчний салбарын ажилтнуудын алдааны улмаас их гарсан асуудал гараагүй. Эрчим хүчний хэрэглээг хэтрүүлэхгүйн тулд бид журам гаргахдаа цахилгааны төлбөр өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил байна гэж заасан. Энэ хэмжээний төлбөрийг төр хариуцна. Илүүг хэрэглэгч хариуцах юм” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.