Kоронавирусний халдварын улмаас 59 орны нийт 600 гаруй сэтгүүлч хорвоог орхисон
Сүүлийн 10 сарын хугацаанд коронавирусний халдварын улмаас 59 орны нийт 600 гаруй сэтгүүлч хорвоог орхисон гэж Press Emblem Campaign (PEC) төрийн бус байгууллага мэдээлжээ.
Энэ шалтгааны улмаас Латин Америкт 303, Азид 145, Европт 94, Хойд Америкт 32, Африкт 28 сэтгүүлч эндсэн байна. Үйл явдлыг газар дээрээс сурвалжлах мэргэжлийн үүрэгтэй сэтгүүлчид халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Ялангуяа, гэрэл зурагчин, чөлөөт сэтгүүлчдэд гэртээ ажиллах боломж байдаггүй гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Блэз Лампан онцолжээ.
РЕС байгууллагын мэдээллээр, энэ үзүүлэлтээр Перу улс тэргүүлж байна. Тус улсад хэвлэл мэдээллийн 93 ажилтан халдварын улмаас эндсэн бол Бразилд 55, Энэтхэгт 53, Мексикт 45, Эквадорт 42, Бангладешт 41, Италид 37, АНУ-д 31, Пакистанд 22, Туркт 17, Их Британид 13, Панамд 11, Боливт ес, Афганистанд найм, Доминикан, Нигерид тус бүр найм, ОХУ-д найман сэтгүүлч коронавирусний улмаас хорвоог орхижээ. Ингэхдээ зарим улс орон сэтгүүлчдийн нас баралтын статистикийг тусад нь гаргаж өгөөгүй тул бодит тоо үүнээс ч их гэж тус байгууллага тодруулжээ. Үүний сацуу сэтгүүлч ажил дээрээ эсвэл гэр бүлийн хүрээнд халдвар авсныг тогтооход хүндрэлтэй болохыг мөн онцолсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.