Монгол тэмээний гайхамшгийг “Gobi challenge-2020” аялал харуулна

Монгол тэмээний гайхамшгийг “Gobi challenge-2020” аялал харуулна

Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал хийв.

“Gobi challenge-2020” аяллын хүрээнд, Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газраар 18 өдрийн турш 650 км замыг тэмээгээр туулжээ.

Мөн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэлийг гэрэл зургийн цомогт эмхэтгэх аж. Дэлхийн тэмээн сүргийн 90 хувийг наран тэмээ буюу ганц бөхт тэмээ эзэлдэг бол ердөө 10 орчим хувь нь Монголын говийн үнэт эрдэнэ болсон хоёр бөхт тэмээ юм.

Өвс, усгүйгээр удаан байж өл даах чадвартай, халуун нар, өвлийн хүйтэнд дасан зохицож амьдрах чадамжтай, өргөслөг, өвөрмөц ургамлаар идээшилдэг говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицолтой хоёр бөхт тэмээ нь монголчуудын бахархал билээ.

"Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сан хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” төслийн хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэжээ. Эхний дугаар өнөөдөр 20.30 цагаас “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болно.

Харин дэлхийн 30 улсад мэдээллийг түгээхдээ "Чингис" олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан хүргэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.