Өмнөд Солонгосчуудын дийлэнх нь Мүн Жэ Инд сэтгэл хангалуун бус байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины баримталж буй бодлогыг иргэдийнх нь 60 гаруй хувь нь дэмжихгүй байгааг “Realmeter” агентлагийн явуулсан судалгааны дүн харуулжээ. Нэгдүгээр сарын 4-нөөс 8-ны хугацаанд явуулсан тус судалгаанд 2.5 мянга гаруй хүн оролцжээ.
Иргэдийн төрийн тэргүүний бодлогод сэтгэл ханамжгүй байдлын түвшнийг өнгөрсөн долоо хоногийхтой харьцуулахад нэг хувиар нэмэгдэж, 60.9 хувьд хүрчээ. Энэ үзүүлэлт нь Мүн Жэ Ины 2017 оны 5 дугаар сард засгийн эрхэнд гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.
Тийнхүү өссөнийг шинжээчид коронавирусний цар тахлын дэгдэлтийг эрх баригчид зогсоож чадахгүй байгаагаас гадна Сөүлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөнийг тогтоон бариагүйтэй холбон тайлбарлаж байна.
Судалгаанд оролцогчдын 35.5 хувь нь ерөнхийлөгчийн үйл ажиллагааг эерэгээр үнэлсэн хэдий ч үүнийг өнгөрсөн долоо хоногийхтой харьцуулахад 1.1 хувиар буурсан үзүүлэлт байв. Тийнхүү Мүн Жэн Ины нэр хүндийн түвшин зургаа дахь долоо хоногтоо дарааллан буурч байна.
Үүнээс гадна эрх баригч ардчилсан “Тобуро” намын дэмжлэгийн түвшин 0.4 хувиар буурч, 29.3 хувьд хүрсэн бол сөрөг хүчний “Иргэний хүч” намыг 33.5 хувь нь дэмжжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.