Хятадын Засгийн газраас Alibaba компанийг монополын эсрэг хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар хураан авахаар бэлтгэж байна
Хятадын Коммунист намаас улсынхаа гол тэрбумтан Жек Магийн Alibabа, Ant Group компаниудыг улсын мэдэлд авахаар шийджээ.
International Business Times-д бичсэнээр Хятадын Засгийн газраас тус компанийг монополын эсрэг хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар хураан авахаар бэлтгэж байна. Эдийн засгийн эсрэг албаны байцаагчид 2020 оны 11 дүгээр сараас Alibaba-гийн төв байранд офис байгуулан, ажиллаж байгаа юм. Alibaba-гаас гадна Tencent (WeChat), Meituan зэрэг томчууд улсын мэдэлд орох жагсаалтад ороод байгаа бололтой.
Жек Ма өнгөрсөн оны 11 дүгээр сард Ant Group-ийн IPO гаргах гэж байсан ч Засгийн газраас зогсоосон. Учир нь Ма Шанхайд илтгэл тавихдаа Хятадын эдийн засгийн зохицуулах системийг эрс шүүмжилж, Төрийн банкнуудыг “Ломбард” хэмээн нэрлэснийхээ дараа Ши Жинпиний араанд зуугдсан. Илтгэлээ зөөллөхийг түүнээс хүссэн ч эрс татгалзсан гэдэг. Энэ сард Жек Ма өөрийн “Africa’s Business Heroes” шоуныхаа шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагдаж, олны өмнө гарахаа байсан. Засгийн газартай хоёр сар сөргөлдсөний эцэст Жек Ма 12 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна.
Одоо Жек Ма Ханчжоу дахь офисдоо нуугдаж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.