"Миягино" дэвжээний 2 метр өндөр шинэ монгол бөх

"Миягино" дэвжээний 2 метр өндөр шинэ монгол бөх

Хоёрдугаар сарын 29-нд Осака хотод шинэ бөхийн шалгалт явагдлаа. Хаврын төгсөлтийн үеэр явагддаг тул жил бүр маш олон залуус энэ шалгалтад ордог билээ. Энэ жил 45 шинэ бөх шалгалтад орсны дотор олны анхаарлыг татсан залуу бөх олон байлаа.

Тайхо аваргын ач, Туркийн анхны сүмоч зэрэг бөхчүүд байсан ч хамгийн их анхааралд өртсөн нь "Миягино" дэвжээнд элссэн Э.Даваанинж байсан гэхэд болно.18 настай энэ залуу 2 метр өндөр, 158 кг жинтэй. Багаасаа Японд амьдарсан.

 Зургаан настай байхдаа Өмнөд Солонгосын нисэх буудал дээр их аварга Хакүхотой тааралдаж, хамт зураг авхуулж байсан түүхтэй залуу ийнхүү их аваргын шавь болж байна.Японы Хоккайдод сүмо барилдаж эхлэн, Хакүхогийн зөвлөгөөнөөр олон сайн сүмоч төрүүлсэн Тоттори Жёохокү сургуульд суралцжээ. Манай Р.Гантөгс багшийн шавь. Р.Гантөгс багш бол Монголын сонирхогчдын сүмо төдийгүй мэргэжлийн сүмод ч маш их гавьяа байгуулж байгаа манай шилдэг мэргэжилтэн. Түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байгаа. Озэки асан Тэрүнофүжи, Ичиножёо, Асахирюү, Роога нар сүмо бөхийн анхны гараагаа заалгасан шавь нар нь юм. Э.Даваанинж сэтгүүлчдэд “Дунд сургуульд байхдаа 190 см өндөр болсон. Тэр үед өдөрт нэг литр сүү уудаг байлаа. Одоо харин өсөх биш жингээ нэмэх бодолтой байна” гэж ярьсан байна. 


Түүнтэй хамт Хагивара Акира хэмээх Такүшёо их сургуулийн 22 настай залуу Нарүто дэвжээнд орсон нь турк аавтай, япон ээжтэй залуу. 182 см өндөр, 112 кг жинтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.