Хятадын үйлдвэрлэл коронавирусний халдварын улмаас буурчээ
Хятад улсад шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс үйлдвэрлэгчид ажиллагаагаа хумьсантай холбоотойгоор тус улсын аж үйлдвэрийн үйл ажиллагаа урьд бүртгэгдэж байгаагүй бага түвшинд хүрчээ.
Хятадын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны албан ёсны үзүүлэлт болох худалдан авалтын индекс өнгөрсөн нэгдүгээр сард 50-аас 35.7 болж буурчээ. Ингэснээр коронавирусний халдвар өнгөрсөн 10 жилд дэлхий дахинд нүүрлэсэн санхүүгийн хямралаас илүү нөлөө үзүүлж байгааг уг үзүүлэлт харуулжээ. Мөн Хятадын аж үйлдвэрүүдэд ажиллах хүч дутагдаж эхэлсэн байна.
Хувийн хэвшлийн компаниудын сар тутмын мэдээлэлд үндэслэн гаргадаг худалдан авалтын индекс нь эдийн засгийн байдлын гол үзүүлэлт бөгөөд санхүүгийн зах зээлийг тодорхойлоход ашигладаг. Дэлхийн үйлдвэрлэлийн гуравны нэгийг бүрдүүлдэг, хамгийн том экспортлогч Хятад улсын худалдан авалтын индексийн бууралт шинжээчдийн урьдчилан таамаглалаас доогуур байсан бөгөөд энэ нь зарим оронд шууд бус нөлөө үзүүлэх юм.
Мөн “Дэлхийн аж үйлдвэр” гэгддэг Хятадад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний улмаас тус улсаас үйл ажиллагаа нь хамаардаг “Apple”, “Diageo”, “Jaguar Land Rover”, “Volkswagen” зэрэг компанид нөлөө үзүүлж эхэлжээ. Хятадын аж үйлдвэрийн үйл ажиллагаа хэзээнээс хэвийн үргэлжилж эхлэх нь тулгамдсан асуудал болоод байна.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Хятадын аж үйлдвэрүүд өнгөрсөн долоо хоногт 60-70 хувийн хүчин чадлаар ажиллажээ. Хятадын эдийн засгийн өсөлт коронавирусний халдварын улмаас энэ оны эхний хагаст суларч магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Ташрамд дурдахад, коронавирусний халдварын тархалт хохирол учруулах төлөвтэй байгаа талаар өнгөрсөн долоо хоногт олон компани мэдээлсэнтэй холбоотойгоор дэлхий даяарх хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш эрс унасан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.