Сумо бөхийн тэмцээн 75 жилийн дараа 2 дахь удаагаа үзэгчгүй болно

Сумо бөхийн тэмцээн 75 жилийн дараа 2 дахь удаагаа үзэгчгүй болно

Осака хотноо эхлэх мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын буюу Хаврын тэмцээний талаар Японы сумо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл ням гарагт /2020.03.01/ авч хэлэлцэж, тус тэмцээнийг 15 хоногийн турш үзэгчгүй зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Хаврын тэмцээний тасалбар бүрэн зарагдаж дууссан бөгөөд үзэгчдэд тасалбарын мөнгийг буцаан олгохоор болов. Харин тэмцээнд хүчээ сорих бөхчүүд болон засуул, ояката нараас хэн нэг нь коронавирусний халдвар авсан тохиолдолд энэ удаагийн тэмцээнийг шууд цуцална гэдгээ Японы сумо бөхийн холбоо /JSA/-ноос зарлалаа.


Ташрамд дуулгахад, БНХАУ-д анх илэрсэн шинэ төрлийн коронавирусний халдвар Японд хурдан тархаж байгаа учраас Ерөнхий сайд Абэ Шинзо ард түмний эрүүл мэндийг хамгаалах үүднээс хоёр долоо хоногийн хугацаанд спорт, урлагийн томоохон тэмцээн, уралдаан болон тоглолтыг зохион байгуулахгүй байх, зохион байгуулсан ч олон түмний хамрах хүрээг нь хумих үүрэг өгсөн юм. Өмнө нь 1945 онд Зуны тэмцээн дэлхийн дайны улмаас үзэгчгүй явагдсан түүхтэй аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.