Чилид 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунамигийн түгшүүр зарлав
Бямба гарагт Чилийн эрэг хавьд 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа тус улсын Дотоод хэрэг, нийгмийн аюулгүй байдлын сайд Родриго Дельгадо цунамигийн түгшүүр зарлажээ.
Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төвийн мэдээллээр, газар хөдлөлтийн голомт нь 117 мянга орчим хүн амтай Пунта-Аренас хотоос зүүн өмнө зүгт 1328 км зайтай газар 40 км-ийн гүнд байжээ. Хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Сантьяго хотын оршин суугчдад мэдрэгдсэн байна.
Газар хөдөлсөн бүсэд Өмнөд Шетландын арлууд оршдог бөгөөд Антарктидын олон тооны судалгааны станцууд байрладаг байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа дахин 5.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ газар хөдлөлтийн төв нь 4.8 сая орчим оршин суугчтай, Чилийн нийслэл Сантьяго хотоос зүүн хойд зүгт 65 км зайтай газар 102 км-ийн гүнд байсан байна.
Хүчтэй газар хөдөлсний улмаас цунами үүсэж болзошгүй байгаатай холбогдуулан Чилийн Антарктидын баазуудаас 160 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.